Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнийн өсөлт саарав

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ Хятадын Тяньжины боомт дээр 46.7 ам.доллар болсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ байв. Гэхдээ төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн сарын дундаас аажим аажмаар өссөөр улмаар мөн сарын 28-нд нэг тонн нь 59.2 ам.долларт хүрсэн. Ердөө сарын сүүлийн ганцхан долоо хоногт тонн тутмын үнэ бараг 9 доллараар өссөн. Төмрийн хүдрийн үнийн өсөлт салбарынханд гэнэтийн бэлэг болсон юм.

Учир нь өнгөрсөн оны эхээр 140 ам.доллар/тонн байсан төмрийн хүдрийн үнэ энэ оны эхэн гэхэд ердөө 70 ам.доллар/тонн болж буураад байсан нь сүүлийн саруудад тасралтгүй уруудсаар ирсэн билээ. Харин сүүлийн сард ийнхүү үнэ өссөн нь Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц татан авалт нэмэгдэхийн хамтаар төмрийн хүдрийн магнат BHP Billiton үйлдвэрлэлийн өсөлтөө сааруулах мэдээлэлтэй холбоотой байсан.  

Энэхүү үнийн өсөлт цаашид үргэлжилсээр оны дунд гэхэд 70-80 ам.долларт ч хүрч болохыг Моrgan Stanley санхүүгийн байгууллага тайлбарлажээ. Гэхдээ төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар эргээд буурч, 56.2 ам.доллар/тонн болжээ. Төмрийн хүдрийн үнийн ойрын хоёр жилийн төлөвийг ихэнх санхүүгийн байгууллага 40-45 ам.доллар/тонн, түүнээс ч бага үнээр тогтоогоод байгаа юм.


Б.Төгс