Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ оны дээд үнэлгээнд хүрч өсөв

Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад бараг 6.4%-иар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.28%-иар буураад байна. Нью-Йоркийн Comex бирж дээр нэг тонн зэсийн үнэ даваа гаригийн ханшаар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж (2.9 доллар/фунт) байна. Харин өнгөрсөн баасан гаригийн хувьд зэсийн үнэ тус бирж дээр 6580 ам.долларын үнэд хүрч өсөөд байсан билээ.

Ийнхүү үнэ өссөн шалтгаан нь АНУ-ын орон сууцны зах зээл сайжирснаас гадна Холбооны нөөц бодлогын хүүг өсгөхгүй барих бодлого хэрэгжүүлэхээ зарласан явдалтай холбоотой юм. Мөн Хятадын Засгийн газрыг эдийн засгаа эрчимжүүлэх нэмэлт арга хэмжээ авна гэсэн таамаглал хөрөнгө оруулагчдын дунд бий болсон нь нөлөөлжээ.

Харин өнөөдөр ийнхүү үнэ буураад байгаа нь хүрэн металын зах зээлийн нийлүүлэлтийн 40%-ийг дангаараа эзэлдэг Хятадын аж үйлдвэрлэлийн голлох үзүүлэлт болсон Purchasing Manager Index (PMI) өнгөрсөн дөрөвдүгээр сард бууралттай буюу 48.9-тэй гарсныг HSBC банк мэдээлснээс үүджээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард уг үзүүлэлт 49.2-той гарснаас доогуур үзүүлэлт боллоо. Уг нь энэхүү PMI үзүүлэлт 50-иас дээш байвал өсөлттэй гарсанд тооцдог. Гэхдээ зэсийн үнэ ердөө хоёр долоо хоногийн өмнө нэг тонн нь 6000 ам.доллар хүрэхгүй байсантай харьцуулахад одоогийн бууралттай үнэ нь ч харьцангуй дээгүүр ханш юм.

Хятадын Төв банкны хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эдийн засгийн өсөлтөө хадгалахаар бодлогын хүүг бууруулах, банкин дахь зайлшгүй байх нөөц хөрөнгийн доод хэмжээг танах зэрэг удаа дараагийн хөшүүрэг бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлээд буй юм. Гэхдээ цаашид Хятад улс өсөлтийг хадгалахын тулд эдийн засгаа эрчимжүүлэх нэмэлт алхам хийнэ гэж хөрөнгө оруулагчид харж буй бөгөөд үүнээс өөр арга зам харагдахгүй байна.

Хятадын тухайд оны эхний улирлын байдлаар цэвэр зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 1.8 сая гаруй тоннд хүргээд буй нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7%-иар өссөн дүнтэй гарсан билээ.

Хэдийгээр зэсийн зах зээлд судалгааны байгууллагууд сөрөг таамаглал дэвшүүлсэн хэвээр байгаа ч үнэ энэ оны дээд хэмжээндээ хүрээд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 6362 ам.долларт хүрсэн юм. Энэ нь мөн л тус бирж дээр он гарснаас хойшхи хамгийн дээд үнэлгээнд тооцогдож байна. 


Б.Төгс