С.Болд-Эрдэнэ /2015,4 №077 The Mongolian Mining Journal/
Оюутолгой, Тавантолгой төслийн эргэн тойронд үүсээд байгаа асуудалд бизнес эрхлэгчдийн байр суурийг Mongolian Mining Journal хүргэж байна.
UFC группын Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин:“Оюутолгой”, “Тавантолгой”-г бизнес утгаар нь харвал аль аль нь дэлхийд томоохонд тооцогдох төсөл. Өнөөдрийг хүртэл олон жил хэт их улстөржүүлж ирлээ. Энэ нь Монгол улсыг дэлхий дахинд муухайгаар харагдуулж байна. Итгэл хүлээж чаддаггүй, гэрээний үүргээ биелүүлдэггүй гэж Монголыг харж байна. Миний хувьд уг хоёр төсөлд оролцож байгаа, оролцохыг сонирхож байгаа компаниудыг дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг том компани гэж ойлгодог. Алдаа оноогүй зүйл гэж байдаггүй. Тэглээ гээд бид урагшлах л ёстой. Эргэж буцдаг, хүмүүсийг нь барьж хорьдог гээд ёс зүйгүй үйлдлийг манай тал нэлээд гаргаж байна. Сонгуулиас сонгуульд л энэ хоёр төслөө ярьсаар байж болохгүй.
Ялангуяа Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” бол бизнесийн ёс зүйтэй, олон мянган хувьцаа эзэмшигчтэй том корпораци. Тэд Монголд бизнесээ өргөжүүлж, ашиг орлого олох зорилготой ирэх нь ойлгомжтой. Оюутолгой бол олон 10 жил үргэлжлэх том бизнес шүү дээ. Зүгээр нэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч биш. Тиймээс ч анх энэ гэрээг байгуулахдаа маш ул суурьтай ярилцаж тохирсон гэж ойлгож байгаа.
Мэдээж хэрэг, гэрээ хэлцэл хийхэд мэдлэг ур чадвар, туршлагын түвшингээс хамаараад алдаа гарч болно. Нөгөө талд хэдэн сая долларын цалинтай хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Харин манай ажиллаж байгаа хүмүүст сарын 1000 долларын цалин авдаг хүн байдаг ч юм уу. Энэ хоёрын дунд ялгаа гарч, манайхан алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л манайхан тухайн нөхцөлдөө тааруулсан, өөрсдийн боломжийн хэмжээгээр гэрээ хийхийг оролдсон. Одоо гэрээний маргаан гараад хэлэлцээр хийе, гадны мэргэжлийн зөвлөх компани хөлсөлж ажиллуулъя гэхээр ийм их мөнгийг гадаадынханд өгөх гэлээ гэнэ. Тэгээд зөвлөхгүйгээр бие дааж хийе гэхээр өөрсдөө юм мэдэхгүй байж зөвлөх авсангүй гэж шүүмжилдэг. Ийм байдал Оюутолгой, Тавантолгой хоёр дээр тод харагдаж байна. Бид ийм увайгүй хардлагаа больчих хэрэгтэй юм. Эцсийн дүндээ энэ хоёр төсөл бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь зогсож байснаасаа хэд дахин илүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Зах зээл биднийг хүлээхгүй. Манай хоёр төслийг ингээд улстөржилтийн бай болж байх хооронд зэрэгцээд өрсөлдөгч том том төслүүд гараад ирвэл бидний л хохь болно.
Яг одоо Тавантолгойн асуудал яригдаж байна. Ерөнхий сайд нь төслөө урагшлуулна гэтэл маргааш нь УИХ-ын дарга нь гацааж байна. Шалтгаан тодорхой. Уучлаарай, бид дэлхийн хамгийн том хэрэглэгчид нүүрсээ өгөх юм уу, үгүй юм уу? Бидний нүүрсийг заруулахгүй байх сонирхол хэнд байна гэдэг тодорхой байгаа биз дээ.
Гэрээний талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг зориудаар ярьж, ард түмнийг төөрөлдүүлж, өөрсдийн явцуу жижигхэн эрх ашгийг бодох нь буруу шүү дээ. Мэдлэг нь хүрдэггүй юм уу, ухаан нь хүрдэггүй юм уу мэдэхгүй. Маш тодорхой, бодитой мэдээллийг маш бүдүүлгээр гуйвуулаад байх юм. Мэдээж энэ хүмүүсийн мэдлэг ухаан нь хүрэхгүй байна гэж байхгүй байх. Далд ашиг сонирхол яваад байна гэж ойлгож байгаа.
Бид XVII зууны уулын мухарт амьдарч байсан монголчууд биш, бид XX зуунд хөдсөн дээлтэйгээ орсон монголчууд биш шүү дээ. Өнөөдөр бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжих гэж оролдож байгаа, гадаад ертөнцтэй адилхан түвшинд ажиллаж амьдрахыг хүсч зорьж байгаа Монгол. Гэтэл өнөөдөр энэ хэдэн улстөрч биднийг хариуцлагагүй, замбараагүй, хэдэн зууны өмнөх нүүдэлчин байдлаараа байгаа юм шиг харагдуулаад байгаа нь харамсалтай.
Ийм том төслүүд хөдлөх нь хэдхэн хүний эрх ашгийг зөрчиж байж магадгүй. Ийм том төсөл улс орны хувьд ДНБ-д шууд утгаар нөлөөлнө. Том төслийн үржүүлэгч нөлөө нь Монголын бизнес эрхлэгчдэд шууд нөлөөгөө үзүүлнэ. Хэдэн зуун компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ. Тэдний ард үйлдвэрлэл хөгжиж, үйлчилгээний зах зээл тэлж, ажлын байр, татварын бааз нэмэгдэнэ. Мөн дотоодын бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа инфляци, валютын ханшид маш эерэгээр нөлөөлнө. Иймээс цөөн хэдэн улстөрчдийн эрх ашгаас нийт монголчуудын эрх ашиг илүү гэж ойлгох хэрэгтэй. Хүүхэд хуурч байгаа юм шиг сонин сэтгэхүйгээр айлгадаг энэ хоцрогдсон арга барилаа болих хэрэгтэй. Тэр хүмүүс юуг яах гэж ярьж байгаагаа маш сайн ойлгож байгаа. Би хувьдаа одоо та нар болно оо л гэж хэлмээр байна. Үнэхээр хүрздэж гаргаад 100 доллараар зарчихдаг юм бол өөрсдөө очоод хүрзэд л дээ. Тийм зүйл байхгүй. Зүгээр нэг аргалд явж, хонь хариулж байхдаа очоод шуудайлаад зарчихдаг юм биш шүү дээ. Ийм л байдлаар ард түмэнд тайлбарлаад байх юм.