Тавантолгойн гол өрсөлдөгчөөр Африк тивийн Зүүн өмнөд хэсэгт орших Мозамбик улсын Тете мужийн Моатизэ орд тодроод буй. Энэхүү ордын өргөтгөлийн ажил дуусахад ердөө хоёр жилийн хугацаа үлджээ. Өөрөөр хэлбэл, тус уурхайн өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 он гэхэд уурхайн олборлолтын хүчин чадлыг 22 сая тоннд хүргэх юм. Уурхайг 2011 онд нүүрсний олборлолт 11 сая тонны хүчин чадалтайгаар ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед Сэна төмөр замын шугамаар Бэйра эргийн боомт руу тээвэрлэн ачаалж экспортолж эхэлсэн юм. Харин одоо гагц Сэна бус мөн Накала төмөр замаар Накала эргийн боомт руу тээвэрлэн экспортлохоор зэхэж байна. Сэна, Накала төмөр замын ачаалах нийт хүчин чадал нь 24 сая тонн болох юм. Энэхүү төсөл дээр Бразилийн “Вале” гэх магнат Японы “Мицүи” компанитай гар нийлэн ажиллаж буй бөгөөд Накала төмөр замын шугам болон эргийн боомтыг барьж байгуулж байна. Төслийн өргөтгөл буюу хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр 86%-тай байжээ.
Өнгөрсөн онд тус уурхайгаас нийтдээ
4.9 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өмнөх 2013 оныхоос 30%-иар дээшилсэн үзүүлэлт юм.
Харин энэ оны нэгдүгээр улиралд тус уурхайгаас 727 мянган тонн нүүрс олборлосон
нь өмнөх улирлынхаасаа буурсан ч 2014 оны эхний улирлынхаас 22%-иар ахисан дүн
юм байна.
“Мицүи”-н тайланд дурдсанаар Моатизэ
уурхай нь нийтдээ 690 сая тонн нүүрсний ашигтай нөөцтэй бөгөөд үүнд сайн
чанарын коксжих нүүрс болон өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрсний баялаг багтаж
байна. 30 гаруй жил ашиглахаар тооцсон уг ордын нийт нөөцийн хэмжээ нь үүнээс хавьгүй өндөр байх
боломжтой ажээ. Ийнхүү Моатизэ ордын дэд бүтцийн ажил нэлээд урагштайгаар өрнөж
байгаа бол нүүрс боловсруулах үйлдвэр байгуулан бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл
явуулах зорилтдоо 2017 онд хүрэх юм байна. Боомт, төмөр замын дэд бүтцийн
өргөтгөлд 4 тэрбум гаруй ам.доллар зарцуулж байгаа аж. “Вале” компани тус ордын
өргөтгөлийн ажилд нийтдээ 6 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээ 2011
оны сүүлээр зарлаж байжээ.
Б.Төгс