Канад улсын Бритиш Колумбийн их сургуулийн Уул уурхайн инженер, Ази, номхон далайн бодлого судлалын мастер, докторын ангийн оюутнууд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын орон нутаг дахь хэрэгжилт” сэдвээр нийт 14 орныг харьцуулан судалсан судалгаагаа өнөөдөр танилцууллаа. Танилцуулга уулзалтыг ОҮИТБС-ын Монгол дахь Ажлын алба, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Mongolian Mining Journal хамтран зохион байгуулсан юм.
БКИС-ийн Ази судлалын хүрээлэнгийн доктор, профессор Жулиан Диркесээр
ахлуулсан тус багийнхан
уул уурхай, газрын тосны нөөц баялаг дээр тулгуурлан хөгжиж буй Монгол,
Мяньмар, Гана, Конго зэрэг 14 улсыг сонгон, 5 асуулгын дагуу холбогдох
судалгааг хийж оноогоор дүгнэсэн байна. Мөн ардчилсан засаглалын индекс, хууль эрхзүйн индекс, авлигын
индекс, иргэний нийгмийн оролцооны индексийг нь харьцуулан үзэж, судалгааныхаа
дүнтэй харьцуулан үзжээ. Уг судалгаагаар Гана, Перу улс боломжит 5 онооноос 4.5
оноо авч тэргүүлсэн бол Монгол, Гуатемал 4 оноогоор удаалсан байна. Харин Йемен
1.5, Конго улс 0 оноо авч сүүл мушгижээ.
БКИС-ийн оюутнууд өнгөрсөн онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачилгыг хэрэгжүүлэгч орнуудын тэр дундаа Монгол Улсын ОҮИТБС-ын жил бүрийн
нэгтгэл тайланд дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнг танилцуулж байсан билээ.
Уг судалгааг үргэлжлүүлэн хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ юм. Дээрх улсуудын улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, хууль
эрх зүй, газар зүйн байршил, орлогын хуваарилалт зэрэг хүчин зүйлсийг харгалзан
үзэж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын орон нутгийн тайлангийн чадамж, түүнд
ашиглаж болох мэдээллийн стратегийг боловсруулсан байна.
С.Болд