БНХАУ-ын дарга Си Жинпин Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт уригдан өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотноо айлчилсан билээ. Энэхүү айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын шаардлагаар хэрэгжиж чадахгүй байгаа Оросын уул уурхайн томоохон хэд хэдэн төсөлд Хятадын тал хамтран ажиллахаар 10 гаруй санамж бичгийг байгуулжээ.
Колым дахь алтны Наталкины ордыг эзэмшиж буй “Полюс Золото” компани Хятадын “China Gold” корпорацтай хамтран ажиллахаар болсон байна. JORC стандартаар 16,2 сая унц алтны нөөцтэй тус орд газарт уурхайн үйл ажиллагааг 2017 онд эхлүүлэхээр 2 тал төлөвлөжээ.
Тува дахь коксжих нүүрсний Элга ордын лиценз эзэмшигч “Тувагийн Эрчим Хүчний үйлдвэрлэлийн корпораци” /ТЭПК/ нь Хятадын “China Civil Enginееring Construction Corporation”-тай тээврийн дэд бүтэц байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Компаниуд Элга ордын төслийн хүрээнд 410 км “Элегест-Кызыл-Курагино” төмөр зам болон Ванино боомт дээр нүүрсний зогсоол байгуулах юм. Энэхүү дэд бүтцийг байгуулах ажил нь ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжилт хүсч багагүй хугацаанд хүлээгдээд байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 217 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардагдаж буй.
Мөн Оросын “Чек-Су.ВК”, Хятадын “Sinosteel” компаниуд хамтран Усинскийн орд газарт тусгай ган бэлтгэх зориулалтаар металын марганцын үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Э.Од