Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Вагнер Ази Тоног төхөөрөмж” компанийн аюулгүй ажиллагааны соёл




Сурвалжилсан Г.Идэрхангай

Хүн бүр гэртээ аюулгүй харина... “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компанийн ажилчдын ордог хаалганы зүүн ханан дээр тодоос тод ийм бичигтэй, инээд хөөр бялхсан монгол жаалуудын зураг нүдэнд тусав. Үнэхээр ч аав ээжүүд нь ажлаа аюул, осолгүй хийчихээд гэртээ, хүүхдүүдтэйгээ байх хэчнээн сайхан, аз жаргалтай билээ. Энэ зургийг харсан хүнд ийм сэтгэгдэл хамгийн түрүүнд төрнө.

The Mongolian Mining Journal сэтгүүлийн сурвалжлах баг энэ удаа дэлхийд алдартай Катерпиллар брэндийг Монголд нутагшуулж, өнөөг хүртэл салбартаа манлайлж яваа “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн аюулгүй ажиллагааны соёлтой танилцахаар тус компанийг зорьсон нь энэ.

2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний 08.00 цагт тус компанийн Онцгой байдал хариуцсан ажилтан Б.Батхүү биднийг угтан авч, зочдын аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцууллаа. Компанийн байр руу нэвтрэхийн тулд зочид ресепшн дээр аюулгүйн зааварчилгааны хуудсыг ёс журмаар нь бөглөсний дараа “газарчлах” хүнээ дуудуулан хамт ордог ажээ. Бид ч энэ зарчмаас гажилгүй, хамгаалалтын малгай, хантааз, нүдний шилээ ресепшнээс хүлээн авч, иж бүрнээр нь өмсөв.

Компанийн ажилчид 08.00-08.30 цагт ажилдаа ирж, өдөр тутмын зааварчилгаагаа аваад, аюулгүй ажиллагааны бэлтгэлээ бүрэн хангадаг аж.  “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанид өдөр тутмын аюулгүй ажиллах зөвлөмжийг мөрдлөг болгодог. Ажилчид тухайн өдрийнхөө аюулгүй ажиллагааны мэдээллийг авсны дараа өглөөний дасгалаа хийдэг аж. “Гар ажиллагаа шаардсан ажлууд их гардаг учраас ингэж бие  халаалт хийх нь элдэв бэртэл гэмтлээс хамгаалдаг юм” хэмээн Б.Батхүү  танилцуулав.

Өнөөдрийн мэдээлэл Онцгой байдлын дугаар


Засварын төв цехээс бидний аялал эхлэв. Энд 100 гаруй хүн ажилладаг аж. Гүүрэн кран, төрөл бүрийн тоноглолууд угсраатай засварын томоохон төв рүү орж ирмэгц бүх зүйл эмх цэгцтэй, зарим төхөөрөмжүүдийг тоос шорооноос хамгаалж хучсан байлаа.
Өглөөний уламжлалт аюулгүй ажиллах зөвлөмжийг /safety share/ эхлэхэд хэдийнэ бэлэн болжээ. Засвар хариуцсан менежер ч ирсэн харагдана. “Ойрын өдрүүдэд цасан шуургатай. Цаг агаар огцом хүйтрэх  тул өнөөдөр та бүхэнд энэ талаар сэрэмжлүүлэг хүргэе. Дуудлагаар явдаг засварчдын хувьд хол замд гарахгүй байх, хот суурингийн ажилчид замын хөдөлгөөнд оролцохдоо халтиргаа гулгаанаас сэргийлж болгоомжтой явахыг зөвлөж байна.

 Ямагт онцгой байдлын дугаар 99542323-ыг санаж шаардлагатай үед холбогдож байхыг сануулж байна. Онцгой байдлын дугаар руу залгахдаа хаанаас, хэн ярьж  ямар аюул учирсан, ямар тусламж хэрэгтэй байгаагаа эхлээд мэдээлнэ. Мэдээллийг хүлээн авсан ажилтан онцгой байдлын төлөвлөгөөний дагуу шуурхай арга хэмжээ  авна.

Хот дотор дуудлагаар явахдаа ямар машинаар, хаана очихоо ахлах ажилтандаа сайн хэлж, цагаа бүртгүүлж явдаг юм шүү” хэмээн Онцгой байдал хариуцсан ажилтан Б.Батхүү засварчдад сануул­лаа. Аюул­гүй ажиллах зөвлөмж авсны дараа засварын ажилчид өглөөний дасгалдаа оров. Дасгал гурван минут үргэлжиллээ.

Төв засварын цехийн ажилчдаас гадна  “Вагнер Ази Групп”-ын бусад охин компанийн  засварчид ч дасгалаа яг энэ цагт нэгэн зэрэг хийгээд ажилдаа ордог гэнэ.
Дасгалаа  хийчихээд  гагнуур, цахилгаан, задаргааны хэсэг гэж хуваагдан ажилдаа гарахаас өмнөхөн  ахлах ажилтнуудаасаа ажлын нарийвчилсан зааварчилгаа авч байгаа харагдав. Гагнуурын хэсэг гэхэд зөөврийн, бүрэн автоматчлагдсан, дэлхийд хамгийн аюулгүйд тооцогддог Миллер брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг юм байна. Эндхийн ажил бүгд удирдлагын хяналт дор өрнөж байна.   Ажилчдаа хэрхэн аюул осолгүй ажиллаж байгааг ажиглах, шаардлагатай тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээ авах зорилгоор шоп руу харсан цонхтой хэсэг дээр удирдлагууд нь хянаад сууж байдаг аж.





Green Line буюу Ногоон зурвасаар зорчсон нь

Бидний дараагийн аялал Агрегат засварын төв, Тест рүүм /Test Room/, Сэлбэгийн агуулах гээд үргэлжиллээ. Явган хүний зам гэмээр тод ногоон зурвас биднийг агрегат засварын үүд рүү хөтлөв.Үүнийг ногоон зурвас буюу “Green Line” гэж нэрлэдэг аж. Үйлчлүүлэгчид хамгаалалтын “safety” гутал өмсөөд агуулах руу тэр бүр орох боломж байдаггүй. Харин энэ зурвасаар хамгаалалтын малгай, нүдний шил, аюулгүйн хантаазтайгаа нэвтрэх ёстой аж. Ногоон зурвас нэг үгээр “аюулгүйн зурвас” юм.
“Вагнер Ази” компанийн ажилчид цайндаа орохдоо хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ солиод энэ зурвасаар зорчдог юм байна.

Агрегат засварын төв дотор ч өнөөх ногоон зурвас засварын ажиллагаа явагдаж байгаа хэсэг рүү бус оффис, ариун цэврийн өрөө рүү хөтлөх  зохион байгуулалттай ажээ. Хаалга  тушаа газар, ханан дээр Онцгой байдлын дугааруудыг байршуулжээ.  “Вагнер Ази групп” компани өөрийн Онцгой байдлын багтай гэнэ.

Тус баг нь газар хөдлөх, гал түймэр, хойшлуулшгүй үе гарахад багаараа шуурхай цуглан аюулын эсрэг арга хэмжээ авдаг байна.
Галын дохиоллын систем, галын хор, эмнэлгийн яаралтай тусламжийн хайрцаг гээд аюулгүй ажиллагааны бүхий л шаардлагатай зүйлсийг засварын байранд байрлуулжээ. Нүдэнд юм орвол угаадаг шингэн, бусад материалууд ч бэв бэлэн. Энд орж ирсэн хэн боловч Аюулгүй ажиллагааны самбараас шаардлагатай мэдээллүүдийг бүрэн авах боломжтой ажээ.

Агрегат засварын нэг хэсэг болох “Test room”-ыг сонирхлоо. Тухайн техникийн хөдөлгүүрийг задалж үзээд зассаны дараа тестлэх шаардлагатай байдаг гэнэ. Гэхдээ тестлэх явцад шаланк задрах, өндөр даралтаар тос цацрах, оч хаях зэрэг аюултай үзэгдэл болдог тул энэ бүхнийг Тусгаарлалтын өрөөнөөс компьютерын тусламжтай­гаар камераар хянадаг байна. Гарц бүр дээр аюулгүйн хонх байршуулжээ. Товчлуур дарахад засварын байр даяар  түгшүүр өгдөг бөгөөд энэ үед бүх ажилчид онцгой байдал бүлгийн гишүүдийн зааврын дагуу цуглах цэгт очиж онцгой байдлын бүртгэл хариуцсан ажилтанд бүртгэл хийлгэх ёстой.

Бид дараа нь Багажны өрөөнд  зочлов. CAT-ын техникүүдэд шаардлагатай төрөл бүрийн багажууд энд бүгд эмх цэгцтэй, дугаарлалттай, байх ёстой газраа   байдаг аж. Энэ бүгдийг хариуцсан ажилтан  байх бөгөөд тус компани ажлын байрны эмх цэгцэд хэрхэн анхаарал хандуулж буйг энэ бүхэн харуулж байгаа юм.

Нийт ажилчдынхаа дунд хэсэг тус бүр дээр аюулыг мэдээлэх хайрцаг байршуулсан нь анхаарал татлаа.  Өдөр тутамдаа тулгарч байгаа бэрхшээл, зөрчлүүдийг аюулыг мэдээлэх хуудсанд бичиж өгдөг байна.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компанитай байнгын харилцаатай худалдан авагчид олон бий. Тэд “green line”-аар зорчиж ороод авах зүйлсийнхээ жагсаалтыг  сэлбэгийн агуулахын ажилтанд өгснөөр хүссэн сэлбэг хэрэгслээ цаг алдалгүй авдаг аж.  Ер нь “Вагнер Ази” компанийн Сэлбэгийн агуулахыг Монголдоо жишиг гэх нь бий. Үнэхээр ч бараа материалын хураалт, дугаарлалт, ажлын байрны эмх цэгц, цэвэр цэмцгэр орчин гээд олон сайн талууд энд цогцлон бүрджээ.

Жижиг хэлбэрийн шатуудаас гадна өндөрт байрлах сэлбэг, хэрэгслүүдийг авахад зориулагдсан цахилгаан сунадаг лифт хэд хэд байв. “Вагнер Ази” компанийн Сэлбэгийн агуулахад олон нэр төрлийн сэлбэг, хэрэгсэл хадгалагддаг. Тэр утгаараа галын аюул, элдэв эрсдэлээс хамгаалахын тулд утаа мэдэрч, туяаны лазер автомат мэдрэгч системийг суурилуулжээ.




“Вагнер Ази технологи”  компанийн  аюулгүй ажиллагаа “номер нэг”

“Вагнер Ази технологи” компани руу манай сурвалжлах баг зорилоо.Тус компанийн SOS шингэний шинжилгээний лабораторийн менежер Э.Мөнхдэлгэр бидэнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Үүдээр оруут мөн л аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллүүд, онцгой байдлын дугаар зэргийг бүх хүмүүст хүр­тээмжтэй байдлаар илэр­хийлсэн самбар угтав. “Манай компани тос, тосол­гооны материа­луу­дыг шинжилдэг лабора­тори учраас аюулгүй ажиллагааг хамгийн түрүүнд хангаж ажилладаг” хэмээн менежер Э.Мөнхдэлгэр ярилаа.
Галын хорууд, хяналтын камерууд, галын аюулгүй  ажиллагааны самбарууд гээд аюулгүй ажиллагааг хангасан хэрэгслүүд энд бүгд байх ажээ. Галын хоруудыг сар болгон шалгадаг байна.

Катерпилларын техникүүдийн эвдрэл, гэмтлийг тосоор нь шинжилж тогтоодог, нэг үгээр хэлбэл хүнээр бол цусны шинжилгээний төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Лаборатори учраас бүх зүйл цэвэр, аюулгүй байхыг эрхэмлэжээ.
Лабораторийн “Safety Shower” сонирхол татав.Учир нь тухайн ажилтан химийн бодист түлэгдвэл дээрээсээ ус гоожуулаад л угааж болдог байна. Энэ нь цэвэр бохир усны системд холбогджээ. Хүний хувцас хунар, үс гээд химийн бодис шингэхгүй газар ховор.Тийм учраас ажилтнууд өглөө, оройдоо шүршүүрт орох боломжийг энд  бүрдүүлсэн  байна.
“Вагнер Ази технологи” компанид химийн бодис хадгалдаг 4 төрлийн аюулгүйн стандарт кабинет байдаг ажээ. Эдгээр нь эрсдэлээс хамгаалагдсан 2-3 давхар цоожтой юм байна.

Хийн даралтат савуудыг стандарт дүрэм журмын дагуу хадгалдаг талаар  тэрээр танилцуулав. Баллоны өрөөнд даралтат хийтэй савуудыг төрлөөр нь ангилан гинжээр бэхэлж доргилт оч үүсэхээс сэргийлэн зөөлөвч резинэн шал хийсэн байв.
Лабораторийн өрөөнүүдийг, тэр дотроо Химийн бодисын өрөө, Цахилгааны өрөөг бүгдийг нь лацаджээ. Харуул хамгаалалт, хадгалалт гээд аюулгүй ажиллагааг өндөр түвшинд мөрддөгийн жишээ энэ юм.

“Тасралтгүй суралц, тэгээд аюулгүй ажилла”


Танилцах аялал маань “Вагнер Ази Групп” компанийн төв оффис дахь Сургалтын өрөөнд зочилсноор үргэлжлэв.“Тасралтгүй суралц, тэгээд аюулгүй ажилла” гэсэн үгтэй самбар хамгийн түрүүнд угтлаа. “Сургалтын танхимд нэг ээлжиндээ 30 хүнд сургалт явуулдаг. Бид жил бүр бүх ажилчдаа ХАБ-ын хууль, ажлын онцлогтоо тохирсон сургалтуудад хамруулаад шалгалт авдаг” хэмээн тус компанийн Аюулгүй ажиллагааны сургалтын албаны  ажилтан Т.Долгор ярилаа.

Сургалтын танхимд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг аюулгүйн хувцас, гутал, хантааз, маск, нүдний шил, хамгаалалтын малгай, эмнэлгийн анхны тусламжийн хэрэгслүүд гээд бүгд иж бүрнээрээ байв. Галын хорууд ч төрөл төрлөөрөө.

Танхимд урьдчилсан зааварчилгааны сургалтууд, түүнчлэн Ажил олгогч эздийн сургалт, Ахлах ажилтнуудын сургалт, Аюулгүй жолоодлого, аюулыг дүгнэх сургалт гээд төрөл бүрийн сургалтууд тогтмол явуулдаг байна.  Онолын сургалтуудыг ч сонирхолтой хэлбэрээр явуулдаг гэж ажилтан Т.Долгор ярилаа. Олон улсын эрхтэй, дотооддоо мэргэжил эзэмшсэн сургагч багш нар сургалтуудыг хариуцан явуулдаг аж. Онцгой байдал хариуцсан ажилтан Б.Батхүү онцгой байдлын үндэсний сургагч багш юм байна.



Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин хариуцсан менежер  Ц.Энхжин бидэнд хэд хэдэн мэдээлэл өглөө. Тэрээр компьютерынхаа дэлгэцийг  харуулаад “Та аюулгүй ажиллахад бэлэн үү” гэсэн бичиг дэлгэцэнд гарч ирж байгааг та анзаарсан байх. Манай ажилчдыг комьютерынхаа ард суухад ийм бичиг угтдаг. Энэ нь аюулгүй ажиллах сэдлийг тэдэнд өгч байгаа юм” хэмээн сонирхуулав. Уг мэдээллийг компанийн бүх ажилчдын компьютер дээр сүлжээгээр суулгажээ. Өглөө бүр ажил эхлэхийн өмнө компанийн ажилчдын эрсдлийг үнэлэх арга хэмжээ авдаг аж.“Take5” гэсэн эрсдэлийн үнэлгээний хуудсан дээр Зогс, хар, бод, Аюулыг илрүүл, Эрсдэлийг үнэл, Арга хэмжээ ав, Ажлаа аюулгүй гүйцэтгэ гэсэн таван зарчим бүхий асуултыг үнэн зөвөөр бөглөөд ахлах ажилтандаа танилцуулах ёстой аж.  Жишээ нь, Зогс, хар, бод гэсэн хэсэгт “Шаардлагатай мэдлэг ур чадвар надад бий юу?” гэсэн эхний асуулт байх ба “Үгүй” гэсэн хариулт өгвөл улаан дээр тэмдэглэх бөгөөд энэ нь ахлах ажилтнаас зааварчилгаа  авч,  ажлын аюулын дүн шинжилгээ хийхийг сануулж байгаа юм. Хэрэв “Тийм” гэж цэнхэр өнгийг бөглөсөн тохиолдолд ажлаа аюулгүй гүйцэтгэхийг заана. Энэ мэтээр тухайн ажилтны эрсдэлийг үнэлсний дараа ажиллуулах эсэхийг ахлах ажилтнууд нь шийддэг байна.

“Вагнер Ази Групп” компанийн өөр нэг хэрэгжүүлсэн чухал алхам нь дотооддоо жолооны үнэмлэх нэвтрүүлжээ.  Компанийн жолооч нар зөрчил гаргавал шат дараатай арга хэмжээ авч, компанийн автомашин жолоодох эрхийг нь хүртэл хасах аж. “Уг арга хэмжээг нэвтрүүлснээр жолоодлоготой холбоотой зөрчлийг нэг жилийн хугацаанд 70 хүртэл хувиар бууруулж чадсан” хэмээн ЭМААБО хариуцсан менежер хариуцсан менежер Ц.Энхжин ярилаа.

“Вагнер Ази Групп” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэс нь 2012 онд хэтийн төлөвлөлтөө баталжээ. Төлөвлөгөөний биелэлтийг жил бүр хянадаг бөгөөд энэ онд тус компанийн хамт олон хөдөлмөрийн чадвараа алдсан осол гаргахгүйн төлөө хичээн ажиллаж байгаагаа Ц.Энхжин онцолсон. Үүний нэг хэсэг нь аюулыг ажилчдаас цаасан болон цахим хэлбэрээр авч,  засч залруулах  арга хэмжээн дээр байнгын хяналт тавьж, гүйцэтгэл үр дүнг нь дотоод сүлжээгээр бүх ажилчдадаа нэг дор мэдээлдэг нь бас нэгэн томоохон давуу тал болдог байна.
Дашрамд дурдахад, “Вагнер Ази Групп” компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттерын тушаалаар байгуулагдсан Аюулгүй ажиллагааны орон тооны бус зөвлөлийн шийдвэр тус компани  даяар үйлчилдэг.  Тус компанийн хурлын өрөөнүүд, зоогийн газрын ширээн дээр байрлуулсан зөвлөмж, хананд өлгөсөн зурагтаар аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэг,  мэдээллүүд байнга гарч байдаг бөгөөд үүнийг зочид, ажилчид харж  танилцах боломжтой аж.

Аюулгүй ажиллагаа, аюулгүй амьдралыг “Вагнер Ази” компанийнхан ийнхүү өдөр тутамдаа эрхэмлэн ажиллаж байна.