Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Б.Болд “Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдлөө

“Саусгоби Ресурс” компанийн 48.7 сая ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 29.3%-ийг “Туркойз Хилл Ресурс” компаниас худалдан авч байгаа Хонконгийн Novel Sunrise Investments Limited компани “”Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн хоёр гишүүнийг шинээр томилжээ. ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр томилогдож байгаа Ningqiao Li нь 51 настай бөгөөд Novel Sunrise-ийн захирлаар ажиллаж байсан. Стратегийн хөрөнгө оруулалт, байгууллагын менежмент, компанийн засаглалын чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай ажээ. Нөгөө гишүүн Yulan Guo нь 30 настай бөгөөд China International Capital Сorporation Limited (CICC)-ийн Хөрөнгө оруулалтын банкны газрын Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.

Энэхүү томилгоотой холбогдуулаад ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн Баатарын Болдыг ТУЗ-өөс чөлөөлсөн байна. Б.Болд нь “Рио Тинто” группын Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сард “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр томилогдож байсан юм. Одоо тэрбээр “Рио Тинто” компанийн Далайн тээвэр хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Төмрийн хүдрийн группын Удирдах хорооны гишүүнээр ажиллаж байгаа аж.

ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэж буй Gordon Lancaster “ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаанд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан Б.Болдод талархал илэрхийлье. Мөн компанийн ТУЗ-д шинэ гишүүдийг хүлээж авч байгаадаа баяртай байна” гэжээ.

Өнгөрсөн 3 дугаар сард компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалангийн оронд Тед Чаныг томилсон билээ. “Саусгоби Ресурс” компани энэ оны эхний улиралд 180 мянган тонн хагас коксжих болон хүрэн нүүрс борлуулсан нь нь өнгөрсөн оны мөн үеэс 210 мянган тонноор буурсан дүн юм.

С.Болд-Эрдэнэ

  • Зочин (103.229.123.251)
    Mongolchuudyg hyataduudaar solij duusaj bgaa yumaa daa
    2015 оны 05 сарын 18 | Хариулах