“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак нар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубай хотноо гарын үсэг зуржээ. Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тохирч чадсан байна.
Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах юм байна.
Харин уг “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өмнөх асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Ямар ч байсан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” нь Оюутолгойн анхны бүтээн байгуулалтын төслийн зардлыг баталгаажуулахын зэрэгцээ Хөрөнгө оруулалтын гэрээ болон нэмэлт оруулсан дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний /ARSHA/ зарчмыг бататгаж байгаа хэмээн “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг зөрчөөгүй, мөн төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбум доллараар хэтэрснийг Засгийн газар хүлээн зөвшөөрчээ гэж ойлгож болохоор байна.
Мөн өнгөрсөн хугацаанд санал зөрөлдөж байсан хэд хэдэн асуудлыг Засгийн газарт нааштайгаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
- “Оюутолгой” ХХК 30 сая долларын татварын актыг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон.
-“Би Эйч Пи”-тэй холбоотой 2%-ийн роялтийг “Туркойз Хилл” авахааргүй болсон. Уг роялти Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байсан ч “Рио Тинто”-гоос хэлэлцээрт шинээр оруулж ирсэн роялти юм.
-Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авахаар болсон.
- “Оюутолгой” ХХК 5%-ийн роялтийг ямар ч зардал хасалгүйгээр борлуулалтын орлогоос тооцож төлөхөөр болсон. Хэдий Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюутолгой” ХХК 5%-ийн роялти төлөхөөр байдаг ч борлуулалтын орлогоос боловсруулах зардал зэрэг зарим зардлыг хассаны дараа роялти төлдөг байсан бөгөөд энэ талаар талууд тохиролцож чаджээ. Оюутолгойн борлуулалт эхэлснээс хойших хугацаанд хамаарах роялтийг дахин тооцож, 30 хоногийн дотор Засгийн газарт төлнө.
“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэдэг нь жилийн өмнө “Хамтран ажиллах Санамж бичиг” нэртэйгээр ил болсон, сүүлд “Эвлэрлийн гэрээ” гэх нэр авсан бичиг баримт юм. Мөн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахгүйн тулд дээрх гэрээнүүдийн хавсралт байдлаар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэх бичиг баримтад ийнхүү гарын үсэг зурж байгаа юм.
Ингэснээр “Рио Тинто” компани далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх асуудал үлдэж байна. Өнгөрсөн онд нэр бүхий 15 банк, санхүүгийн байгууллага зээл олгоход бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. Тухайлбал,
-Олон улсын санхүүгийн корпораци 300-400 сая доллар
-Европын сэргээн босголт хөгжлийн банк 400 сая доллар
-Канадын экспорт хөгжлийн агентлаг 750 сая доллар
-АНУ-ын EXIM банк 400-500 сая доллар
-Австралийн экспортын санхүүжилт болон даатгалын корпораци 100 сая доллар. Мөн арилжааны хэд хэдэн банк зээл олгохоор яригдаж байсан юм.
Уг мэдээ өчигдөр биржийн арилжаа хаасны дараа нийтэд мэдээлэгдсэн. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компани хувьцааны үнэ арилжаа хаагдсаны дараа 12.39% өсч, 4.9 ам.доллар болжээ.
С.Болд-Эрдэнэ