Нийт 8 бүлэгтэй 10 нүүр баримт бичгийн статусыг хэрхэн ойлгохоо монголчууд одоохондоо сайн мэдэхгүй байна. Өчигдөр Дубайд зурсан баримт бичиг нь Оюутолгой ордын Далд уурхайн санхүүжилтийн иж бүрэн төлөвлөгөө нэртэй юм. Агуулгыг нь харвал Хөрөнгө оруулалтын 2010 оны Гэрээний зарчмууд өөрчлөгдсөн, шинэ Гэрээний түвшний баримт бичиг мөн. Гэрээний түвшний тохиролцоог уурхайн төлөвлөгөө болгон нэр хувирган, “зөөлрүүлсэн” шалтгаан нь мэдээж Монголын улс төрийн хүрээний савлагаа ихтэй шийдвэрээс эмээснийх.
2014 оны аравдугаар сард ноён Сэм Уолш уг баримт бичгийн эх нооргийг гаргаж өгсөн ба Харилцан ойлголцлын Санамж бичиг нэртэйгээр батлаад, тохиролцоод явчихвал УИХ-аар хэлэлцүүлж эрсдэлд оруулалгүй өнгөрөх юм гэсэн санааг цухуйлгажээ. Хожим Татварын Эвлэрлийн гэрээ нэртэй болж, явсаар ийнхүү Далд уурхайн төлөвлөгөө хэмээн нэрийдэв. Хэдийгээр хоёр жилийн гацаа боловч энэхүү бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар зогссоноор Монголын эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлж, Сэм Уолшийн саналд хүч нэмсэн нь дамжиггүй. Гэрээг Төлөвлөгөө болон хувирахад эдийн засгийн өнөөгийн гүн хямрал ч шууд нөлөөлжээ. Оюутолгой ордын Далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал 2013 оны наадмын дараа таг зогсож, хувьцааных нь үнэ навс унаснаас хойшх хоёр жилийн хугацаанд монголчуудын омог суларч, ОТ-г хурдан эхлүүлээч ээ хэмээн олонх нь хүсэмжилдэг болов.
Уолшийн 2014 оны шинэ саналууд юу болох, Монголд ирэх өгөөж ба эрсдэлийн талаар өнгөрсөн хагас жилд монголчууд ямар ч мэдээлэлгүй, ОТ компанийн ТУЗ дахь Монголын талын гурван гишүүнээсээ мэдээ хүлээсэн царайтай, таамаг сураг төдий явж иржээ. ОТ ордын Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Сэм Уолш Монголын Засгийн газартай ямар зарчим тохирохыг хүсч байгаа талаар анх УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдэд нэгэн танилцуулга хийгдсэн ба тэрхүү танилцуулгад дурдагдсан тооцооллоор ОТ ордод байгуулах гэж буй шинэ Гэрээний агуулга манай талд хатуу нөхцөлтэй, анх тохиросон 53 хувийн өгөөжөө хүртэж чадахгүй болох нь тодорхой харагдаж байлаа. Энэхүү танилцуулга бүрэн эхээрээ Mongolian Mining Journal-ийн дөрөвдүгээр сарын дугаарт хэвлэгдсэн болно.
Б. Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсгийг Ерөнхий сайд Ч. Сайханбилэг шинээр зохион байгуулж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх өгсөн, хэлэлцээр үргэлжилж байгаа тухай MMJ тогтмол мэдээлж ирсэн. Ерөнхий мэдээллээс илүү зүйл хэлэлцээрийн явцад хэлэх боломжгүйгээ Ажлын хэсэг ч тайлбарласаар ирсэн билээ. Дубайд Далд уурхайн төлөвлөгөө зурсны дараа Монголын талын Ажлын хэсгээс дараах шинэ мэдээллийг MMJ-д ирүүлснийг бүрэн эхээр Танд хүргэе.
Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарлаж байгаагаар, Далд уурхайн ашиглалтын хэлэлцээр хийсэн эхний үед Рио Тинто маш түрэмгий байсан. Харин төгсгөлийн үеүдэд Монголын Ажлын хэсэг санаачлагыг авч, Сэм Уолшийн цөөнгүй саналд нааштай өөрчлөлт оруулсан гэжээ. 2013 оноос эхлэн Рио Тинто нь Монголын Засгийн газрыг үл хүндэтгэсэн ойлголт олон улсад санаатай санамсаргүй түгээж ирснийг уншигч олон мэднэ. Нэгэн төслөөс хамтдаа ашиг хүртэх хоёр тал өнгөрсөн бүх хугацааны үл ойлголцлыг аажмаар даван туулсаар, өчигдрийн Төлөвлөгөөнд санал нэгдээд байна.
“Эрдэнэс Монгол” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас шинэ төлөвлөгөөнийхөө үр өгөөжийг тооцсон тайлбарыг 4 дүгээр сарын сүүлээр MMJ-д ирүүлснийг уншигч Танд хүргэе:
“Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд, үр ашгийг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн, өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн хоорон дахь асуудлуудыг шийдвэрлэснийг цохон тэмдэглэж, улмаар төслийг үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх тухай болно. Хамгийн гол нь, олон улсын нэр хүнд бүхий 19 орчим банк, санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам. долларын санхүүжилтыг татна.
“Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж үйл ажиллагаандаа байнга мөрдөх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харьцаа (манай тал 53 хувь, хөрөнгө оруулагч 47 хувь) -г хадгалах.
Тус төлөвлөгөөний эхийг Монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн талд байсан. Боловсруулах үе шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийн оролцоог хангах замаар төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан.
Менежментийн төлбөрийг 6 хувиас бууруулж бодитоор 5 хувьд хүргэв.Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам. доллар (төсөл үргэлжлэх хугацаанаас хамааран нийт 1 тэрбум хүртэл ам. долларын бодит хэмнэлт “Оюутолгой” ХХК-д бий болов.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлнэ. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт цэг тавив. Мөн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ.Ингэснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр дор хаяж 810 сая ам. долларын орлогыг баталгаажуулав.
Зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн бөгөөд тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болон албажна.
Тус төслийн санхүүжилт нь Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. Монголын талын 34 хувийг баталгаажуулах бөгөөд далд уурхай ашиглалтанд орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажна.
2014 онд үүссэн татварын маргааныг Олон Улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл 30 сая ам. долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдэнэ.
Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум (нийт 9 тэрбум) ам. долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт бий болно.
Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж жил бүр 5 сая ам. долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулна.
Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах үйл ажиллагаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлнэ.
Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зуран баталгаажуулсны дараа Хөрөнгө оруулагч (ТХР/РТ) нь 30 хоногийн дотор Тавантолгойн Цахилгаан төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгнө. ТТЦС-ийн төсөлд зориулан Цахилгаан худалдан авах гэрээ байгуулагдсанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь эрчим хүчээ дотоодоос хангах нөхцөл бүрдэнэ.
2015 оны 9 дүгээр сар гэхэд ОТ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулна. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс Монголын талд оногдох өгөөж эрс өснө” гэжээ.
Дээрх тайлбарт хөндөгдөөгүй цөөнгүй асуудал дээр талууд хэрхэн тохиролцсоныг Ажлын хэсэг мөд нээлттэй тайлбарлана хэмээн найдаж байна. Юутай ч “Оюутолгой хөдлөөсэй” гэсэн хоёр жилийн хүлээлтийн эцэст, эдийн засгийн гүн хямрал дунд өчигдрийн Төлөвлөгөө батлагдлаа.
Л. Болормаа