Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүдлэйтэй ярилцав. Далд уурхайн тухай Танаас хэвлэлийнхэн ойрд их асууж байгаа байх. Би эхлээд Ил уурхайн талаар сонирхмоор байна. ОТ ил уурхайн баяжмалын экспорт ойрын жилүүдэд ихээхэн буурах төсөөлөл УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн Чуулганы хуралдаан дээр яригдсан. Яагаад бүтээгдэхүүний хэмжээ ингэж огцом хэлбэлзэж байна вэ?Их хурал дээр ямар эх сурвалж яригдсаныг сайн мэдэхгүй юм. Оюутолгойн Ил уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортын тухайд өнгөрсөн жил хил дээр ложистикийн асуудлаас болоод ихээхэн нөөц хуримтлагдсан байсан. Ложистикийн асуудлаа бүрэн шийдсэний дараа өнгөрсөн оны сүүлийн хагаст нэлээд хэмжээний экспорт хийлээ. Хуримтлагдсан нөөцөө ч борлуулсан, олборлолтоо ч явуулсан учраас 2014 оны сүүлийн хагасын экспортын дүн өндөр гарсан. Энэ он гараад үйл ажиллагаа хэвийн түвшинд явагдаж байна.
ОТ ил уурхайгаа ашиглаад гурав дахь жилдээ орж байгаа учраас ордын зарим хэсэгт хүдрийн агуулга сайн, зарим газраа бага байх нь бий. 2015 оны нэгдүгээр улирлын хувьд бага агуулгатай хүдэр дээр ажилласан болохоор экспортын дүн бага гарч байна. Харин энэ долоо хоногоос өндөр агуулгатай хэсэгтээ олборлолт орж байгаа тул 2015 оны хоёрдугаар улирлын статистикийн дүн мэдээ өндөр гарна. Ийм шалтгаанаар борлуулалт, үйлдвэрлэлийн дүн бага хэмжээтэй хэлбэлзэх тал бий. Гэхдээ УИХ-ын Чуулган дээр яригдсан шиг өндөр хэлбэлзэл үүсдэггүй.
Монголын тал худалдан авалт ба төсөл шалгаруулалтад хяналт тавина гэж Далд уурхайн төлөвлөгөөнд тусгасан юм байна. Худалдан авалтын зарчим, Төсөл шалгаруулах зарчим хэрхэн өөрчлөгдөх вэ?Ерөнхий зарчим Ил уурхайн үеийн худалдан авалттай ижил хэвээр мөрдөгдөнө. Хамгийн түрүүнд дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийнэ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-тай энэ тал дээр үр дүнтэй хамтраад ажиллана гэж бодож байна.
Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдвал ОТ бүтээгдэхүүний тээврийн зардал хэр хэмнэгдэх вэ?Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавигдвал ОТ-н бүтээгдэхүүнд мэдээж маш сайн нөлөөтэй. Гэхдээ энэ төмөр замын хамгийн гол хэрэглэгч нь нүүрсний тээвэрлэлт байж таарна. Гашуунсухайтын төмөр зам аль ч уурхайд боломж олгоно гэж бодож байна.
Монгол менежерүүд ОТ компанийн шийдвэр гаргах түвшинд хэзээнээс ажиллах вэ. Зарим хүн сургалтад хамрагдаж, шаардлагатай түвшинд хүрсэн гэж ойлгож байна. Тэд ямар албан тушаалд ажиллах вэ?Бид Монголын компани, хувьцаа эзэмшигч маань монголчууд учраас энэ асуудалд их анхаарч ажилладаг. Сая сургалтад хамрагдсан дөрвөн лидер маань компанийн удирдлагын түвшинд ажиллана. Тухайлбал нэг нь одоогоор миний Ажлын албыг ахлаад явж байна. Цаашид энэ лидер маань удирдлагын албан тушаалд томилогдох тухай удахгүй яригдана. Үүнээс гадна ментор буюу халамжлан сургах байдлаар монгол ажилтнууддаа туршлага, ур чадвар эзэмшүүлсээр байх болно. Богино хугацаанд өндөр ур чадвар эзэмшиж чаддаг монголчуудын давуу талыг энд зайлшгүй дурдах ёстой.
Тавантолгой цахилгаан станцаас буюу “хаяанаасаа” эрчим хүч авч эхлэх үед ОТ уурхайд ямар хэмнэлт, давуу тал бий болох вэ?Тавантолгой цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах Гэрээг хараахан байгуулаагүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд Тавантолгой цахилгаан станцаас эрчим хүчээ авах нь ОТ-н хувьд нээлттэй, эерэг үр дүнгээ өгч таарна.
ОТ ордын Далд уурхайн олборлолтын технологи анх төлөвлөж байснаасаа одоо хэр өөрчлөгдөхөөр байгаа вэ. Тухайлбал хүдрийг гадаргад “лифтээр” зөөвөрлөх технологийг конвейрийн дамжлагаар солих зэрэг өөрчлөлт нь төслийн зардалд нөлөөлөх үү?Эдийн засгийн нөхцөл болон технологийн төрөл бүрийн шийдэлтэй холбоотойгоор бид зөвхөн конвейр гэлтгүй блоклон олборлох аргынхаа бусад хэсэгт ч арай өөр шийдлүүд хайх сонголт байгаа. Энэ бүх шийдлийг дахин хянаад ТЭЗҮ-д тусгаж, эцэслэх шаардлагатай болно. Тиймээс эцсийн байдлаар ТЭЗҮ-д тусгагдах бүх шийдлийг цаг тухайд нь та бүхэнд мэдээлж байх болно.
Менежментийн үйлчилгээний төлбөрөөс гадна Менежерийн төлбөр гэж шинэ зардал Далд уурхайн олборлолтын төлөвлөгөөнд оржээ. Рио Тинтод төлөх энэ нэмэлт төлбөр нь ОТ ХХК-ийн зардлыг хэр нэмэгдүүлнэ гэж Та үзэж байна вэ?Менежерийн төлбөр гэсэн ойлголт байхгүй л болов уу. Рио Тинто менежментийн үйлчилгээнийхээ хүрээнд мэдээллийн технологийн, хангамжийн үйлчилгээ гэхчлэн ОТ-д үзүүлдэг. Ингэснээр Рио Тинтогийн салбар олон компанитай манайх ч бас зэрэг худалдан авалт хийдэг учраас зардал хэмнэдэг, чанартай үйлчилгээ авдаг давуу талтай. Зарим тохиолдол Рио Тинтогоос зөвлөх үйлчилгээ авдаг. Иймэрхүү зардлыг шингээсэн ойлголт болов уу.
Оюутолгой ХХК-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэйгийн дэлгэрэнгүй ярилцлагыг Mongolian Mining Journal-ийн тавдугаар сарын дугаараас монгол, англи дээр уншаарай.
Л.Болормаа