Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

MMJ хойд бүсийн сэтгүүлчдэд зориулсан сургалтаа эхэллээ




Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод сургалт явуулж байна. Уул уурхай, эдийн засгийн  чиглэлээр мэргэшин бичдэг нийт 20 сэтгүүлч уг сургалтад хамрагдаж байна.

Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци дэргэдээ “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” сургалтын төрийн бус байгууллага ажиллуулдаг билээ. Уул уурхай, эдийн засгийн сэдвээр ул суурьтай бичихэд нь, танин мэдэхүйн болоод баримтат нэвтрүүлэг бэлтгэх, мэргэшихэд нь залуу сэтгүүлчдэд туслах зорилгоор 2010 оноос сургалтууд зохион байгуулж ирсэн юм.

Даланзадгад хотноо 2010 онд Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан MMJ-ийн сургалтын талаар Та бүхэн манай www.journalism.mn сайтаас сонирхоорой. Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт олон нийтэд төдийгүй сэтгүүлчдийн дунд нимгэн байсан 2010-2011 онд Mongolian Mining Journal цуврал сургалтаа Улаанбаатарт зохион байгуулсан.

Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой. Тиймээс тус сэтгүүлийн Редакци орон нутгийн мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ мэдлэгт нэмэр тус болохыг илүүтэй чухалчилж ирэв.

Mongolian Mining Journal-ийн 2015 оны гол ажил нь Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилт юм. Ингэхдээ өмнөх сургалтын туршлага дээрээ суурилан, Бүсийн хэмжээнд орон нутгийн сэтгүүлчдийн бүх төлөөллийг хамарсан томоохон сургалтын ажил зохион байгуулахаар зориг шулуудсан болно. “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” байгуулах төслийн хүрээнд бид эхний ээлжинд Хойд бүсийн хэвлэл мэдээлллийн нийт байгууллагын төлөөллийг хамарсан сургалтаа ийнхүү эхлүүлэв. Сургалтын хөтөлбөр ёсоор Хойд бүст үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтэц, онцлог сэдвээр сэтгүүлч Г. Идэрхангайгийн ахалсан сургалт яг одоо явагдаж байна. Уг сэдвийн хүрээнд төмөрлөгийн үйлдвэрүүд, өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн асуудал, Төмрийн хүдрийн зах зээлийн төлөв, Монголын экспортод тулгарч буй бэрхшээл, Төмөрлөгийн үйлдвэрүүдээс сурвалжлага бэлтгэхэд анхаарах зүйлс, арга зүйн зөвлөгөө зэрэг багтаж байна.



Харин өнөөдөр үдээс хойшх хэсэг сэтгүүлч Э. Оджаргалын лекцээр үргэлжилнэ. Хойд ба төвийн бүст үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа сэдэвтэй уг сургалтад:

-Хойд ба төвийн бүсийн экологийн онцлог, усны гадаргын нөөцийн талаарх мэдээлэл
-Алтны үйлдвэрлэл эрхлэгчдийн нөхөн сэргээлтийн тайлан
-Алтны үнэ ханш, борлуулалт, компаниудын нийгмийн хариуцлагын талаарх шинэ статистикийг ашиглах арга зүй, эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ зэрэг чиглэлээр сургалтаа явуулна.
Харин маргааш өглөөний сургалтын цагийг сэтгүүлч С. Болд-Эрдэнэ хөтлөн явуулах ба Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг хэрхэн ойлгомжтой мэдээлэх вэ сэдвийн хүрээнд:
-Хойд ба төвийн бүст уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниудын улс ба орон нутгийн төсөвт төлж буй татвар төлөлт, түүний задаргаа
-ОҮИТБС-ын тайланг хэрхэн зөв “унших” вэ,  яаж ойлгомжтой мэдээлэх  вэ зэрэг чиглэлд хичээлээ заах юм.

Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид удаад нь, Баруун бүсийн бүх аймгийн нийт хэвлэлийн Редакцийг хамарсан сургалтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Баянхонгор аймагт хийхээр ажиллаж байна. Манай сургалтын хөтөлбөрт: эрдэс баялгийн бүтээдэхүүний үйлдвэрлэлийн онцлог, сурвалжлах арга зүй, эрдсийн үнэ ханшийн хандлага, технологи, хэрэглээний талаарх шинэ мэдээлэл, ялангуяа тухайн аймаг, суманд үйлдвэрлэл явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааны онцлог, улс орон нутгийн төсөвт өгч буй татварын хэмжээ, нөхөн сэргээлт, нийгмийн чанартай арга хэмжээний өгөөж, иргэд ба компанийн ойлголцлын асуудал зэрэг  өргөн хүрээтэй сэдвийг хамардаг. Сургалтад тараах төрөл бүрийн гарын авлагыг MMJ-ийн Редакци бэлтгэх төдийгүй телевизийн уран бүтээлчдэд зориулсан видео хичээл, нэвтрүүлгийн жишээ, бусад материалыг сургалтдаа өргөнөөр ашиглаж байна.

Өмнөд бүсийн дөрвөн аймгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Сайншандад мөн наймдугаар сарын дундуур Mongolian Mining Journal зохион байгуулна. Ийнхүү гурван бүсийн 15 аймгийн сонин, телевиз, сайтын ажилтнуудыг хамарсан цуврал сургалтад маань нийтдээ орон нутгийн 60 орчим сэтгүүлч хамрагдахаар холбоо тогтоогоод байгаа билээ. Эдгээр 60 сэтгүүлчийн сургалтаас олж авсан шинэ мэдлэг мэдээллийн цаана сум орон нутгийн мянган мянган иргэд бодит мэдээлэл хүлээн авах ач холбогдолтой юм.

Гурван бүсийн сургалтад хамрагдсан 60 сэтгүүлчийнхээ дунд сурвалжлага, нийтлэл, телевизийн баримтат нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулж, сайн бүтээлүүдийг урамшуулна. Аймаг, сумандаа өрнөж буй уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сурвалжлан бичсэн, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан, нутгийн иргэд, засаг захиргааны олон талт байр суурийг нээлттэй илэрхийлсэн материалуудыг Улаанбаатарт өргөнөөр цацах зэрэг ажлыг хийхээр Mongolian Mining Journal төлөвлөж байна. Бүсийн сургалтад хамрагдсан  бүх сэтгүүлч арваннэгдүгээр сард Улаанбаатарт нэгдсэн уулзалтад хүрэлцэн ирнэ. Энэ үеэр шилдэг бүтээлүүдийн Эмхэтгэлийг Mongolian Mining Journal хэвлүүлж тараах юм.

Орон нутгийн мэдээллийн сүлжээгээ Mongolian Mining Journal ганц төслөөр, цөөн удаагийн сургалтаар хязгаарлахгүй ба цаашид цөөнгүй жил хамтран ажиллаж, Редакциудыг мэргэжлийн арга зүйгээр дэмжин, орон нутгийн мэдээллийг Улаанбаатарын хэрэглэгчдэд ойртуулсаар байх болно.

Л. Болормаа