Хятадын Тяньжин боомт дээр 62%-ийн
агуулгатай төмрийн баяжмалын нэг тонн нь өчигдрийн байдлаар 62.3 ам.долларт
хүрч өслөө. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эргийн боомтууд дээр төмрийн хүдрийн
агуулах дахь нөөц 86.7 сая тонн хүрсэн нь таван долоо хоног дараалан нөөц буурсан
дүн юм байна. Цаашдаа төмрийн хүдрийн агуулах дахь нөөц буурах төлөвтэй байгаа
бөгөөд өндөр агуулгатай Бразил, Австралийн баяжмал Хятадад эрэлт ихтэй байгааг
шинжээчид онцлон тэмдэглэж буй юм.
Гэвч төмрийн хүдрийн үнийн таамгаа зах
зээл судалгааны байгууллагууд дээшлүүлээгүй хэвээр. Citigroup төмрийн хүдрийн
үнийн урт хугацааны төлөвөө 81-55 ам.доллар/тонн болгон бууруулсан бол
2016-2018 оны хооронд үнэ дунджаар 40 ам.доллар байна гэж таамаглажээ. Тэгэхээр
одоогийн үнийн өсөлт нь түрхэн зуурын үзэгдэл гэж үзсэн байр сууриндаа Citigroup хэвээр байсаар. Тэд
Рио Тинто, BHP, Вале
зэрэг томоохон магнатууд зах зээлд хямд үнээр ахиу хэмжээний нийлүүлэлт хийж,
улмаар жижиг компаниудыг зах зээлээс шахахын дашрамд Хятадын гангийн үйлдвэрлэл
болон хэрэглээ нь ч буурна гэж үзжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 46.7 ам.долларт хүрч сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд байсан нь өнгөрсөн лхагва гаригт 62.6 ам.долларт хүрч өссөн нь сүүлийн гурван сар орчмын хугацаан дахь дээд үнэд тооцогдож байгаа юм.
Б.Төгс