Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хайгуулын талбайн зөвшөөрлийг Засаг дарга нар үзэмжээрээ шийдэж байна

“Байгаль орчны яам, Уул уурхайн яамны хамтарсан судалгаагаар манай орны нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаанаас хаягдсан талбай 1000 орчим байгаа гэсэн дүн гарсан. Урт нэртэй хуулийн хүрээнд ашиглагдахгүй байгаа талбай ч бий, ашиглалт хийгээд, нөхөн сэргээлтгүй хаясан талбай ч энд байгаа, нинжа нарын сүйтгэсэн нутаг орон ч энд багтсан. Энэ асуудалтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулах санал ч гарч байгаа” хэмээн УИХ-ын гишүүн С. Оюун тэмдэглэв.

Тэрбээр Монгол-Австралийн хамтарсан төслийн хэлэлцүүлэг дээр ингэж мэдээлсэн ба нинжа нарын асуудлыг аймаг, сумын Засаг дарга нар хэрхэн үздэг, ямар зохицуулалт, гарц байж болох талаар мөн санал солилцсон юм. “Хөгжлийн төлөө уул уурхай: Хэтийн төлөв” хурал Гадаад хэргийн яаманд үргэлжилж байна. Энэхүү хурлыг Монгол-Австралийн уул уурхайн чуулган хэмээн давхар нэрлэжээ. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ дахь Австралийн Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Стефани Вернер, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Томас Эриксон, “Хөгжлийн төлөө уул уурхайн олон улсын төвийн Орлогч захирал Робин Эванс, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Ази-Номхон далайн бүсийн нөөцийн удирдлагын хөтөлбөрийн зөвлөх Кунтала Лаири Датт, Куинсландын Их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвийн менежер Изабел Кэйн, Цогтцэций сумын Засаг дарга, Шарын гол сумын Засаг дарга нар, компанийн удирдлагууд, судлаачид зэрэг төлөөлөл оролцож байна.

Уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутгийн иргэдийн ахуй амьдралын уламжлалт хэв маяг, нутгийн хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг энд сонсч болно. Эдгээрээс уул уурхайн Компаниудын Орон нутагтай байгуулж буй гэрээний талаарх сэдэв сонирхолтой байлаа. Ийм төрлийн гэрээг байгуулахдаа баримталдаг олон улсын жишгийг “Англо Американ Монгол” компанийн Ерөнхийлөгч Грэм Ханкок танилцуулав.

Орон нутгийн засаг захиргаа ба уул уурхайн компанийн хооронд байгуулах Гэрээний нэгдсэн загварыг Уул уурхайн яам боловсруулж байгаа юм. Нэгдсэн зарчим дор гэрээ байгуулах заалт Ашигт малтмалын тухай хуульд шинээр орсон билээ. Уул уурхайн компаниудаас орон нутгийн засаг захиргаа юу дуртайгаа нэхэх, хандив авах явдал хавтгайрсан тул ийнхүү нэг зарчим дор орон нутгийн иргэдэд нээлттэй, хөгжил дэвшилд нь хэрэгцээтэй гэрээ байгуулах асуудлыг хөндөж буй юм.

Орон нутгийн Засаг захиргаа ба уул уурхайн компанийн харилцаанд гарч буй өөр нэг бэрхшээл нь хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олголтод бүртгүүлэн солбицлоо сонгон авч, бүхий л бичиг баримтаа бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд Засаг дарга нар татгалзсан хариулт өгөх явдал хавтгайрчээ. Ашигт малтмалын газрын явуулж буй цахим дугаар олголтын төвөгтэй алхмуудыг даван туулж, чамгүй төлбөр хураамж төлсөн аж ахуйн нэгжийн хүсэлт ийнхүү Засаг дарга нарын ширээн дээр мартагдаж байна. Хүсэлтэд ямар нөхцөлд татгалзах талаар хуульчилсан үндэслэлүүд үгүй учир ийнхүү санаанд орсон шалтгаанаар хайгуулын зөвшөөрлийн хүсэлтэд орон нутаг татгалзсан хариулт өгсөөр байгаа юм. Нэг компанид татгалзсан хариу өгсөн атал дараагийн компанид мөн талбайн хүсэлтэд нь зөвшөөрөл олгосон тохиолдол ч цөөнгүй гарч байгааг Уул уурхайн яамны мэргэжилтнүүд тэмдэглэв. Хурлын үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж байна.



Л. Болор