ОХУ-ын нүүрсний томоохон үйлдвэрлэгч СУЭК эрчим хүчний нүүрсний үнээ 17%-иар бууруулан, Японы “Japanese electric utilities” компанид нийлүүлэхээр тохиролцжээ. СУЭК нь “Hokuriku Electric Power”, “Chugoku Electric Power” зэрэг эрчим хүчний компанид нүүрс нийлүүлдэг бөгөөд экспортоо 2015 онд 7%-иар нэмэгдүүлэн, 4,6 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
СУЭК-ийн эзэмшлийн Березовскийн уурхай жилд 7 сая тонн нүүрс үйлдвэрлэдэг. Тус компани эрчим хүчний 1 тонн нүүрсийг ойролцоогоор 72 ам.доллараар худалдаж буй. Харин Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ 60 ам.доллараас доош буурч байна. Гэсэн ч Австралиас нүүрс импортлоход хоёр 7 хоногийн хугацаа зарцуулах тул Орос улсаас 3 хоногт багтаан нүүрс импортлохыг Японы эрчим хүчний компаниуд илүүд үзэж байна.
2014 онд Япон улс Оросоос нийт 9,66 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 20%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар Орос нь Японы нүүрсний нийт импортын 9%-ийг эзэлж буй.
Э.Од