Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали, Хятад улс Чөлөөт худалдааны гэрээ байгуулав

Австралийн Худалдааны сайд Эндрю Робб, Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн нар өнөөдөр Австралийн нийслэл Канберра хотноо хоёр улсын хоорондох Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Гэрээг үзэглэснээр хоёр улсын хоорондын худалдааны 85.4%-ийг татвараас бүрэн чөлөөлөх юм байна. Гэхдээ цаашид Хятад руу хийдэг Австралийн экспортын 97 хүртэлх хувь нь шат дараатайгаар худалдааны татвараас бүрэн чөлөөлөгдөх бол Австрали Хятадаас импортолж буй бүх барааныхаа татварыг бүрэн хөнгөлөх ажээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2010 онд 88.34 тэрбум доллар байсан бол өнгөрсөн 2014 онд 136.9 тэрбум ам.долларт хүрч өсчээ.

Гэрээний хүрээнд Австралийн үйлчилгээний салбар, тэр дундаа эрүүл мэнд, харилцаа холбоо, санхүү, боловсрол, аялал жуулчлал зэрэг нь Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран эсвэл тодорхой нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд тус улсын зах зээлд шууд нэвтрэх боломжтой болж байгаа юм. Харин Хятадын зүгээс Австралид хийж буй 830 мянган ам.доллараас доош хэмжээний хөрөнгө оруулалт ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүйгээр шууд орох бололцоо нээгдэж байна.

Хятадын Австрали руу хийж буй гол экспортын чиглэл нь хувцас, харилцааны холбооны хэрэгсэл, компьютер, тавилга, ахуйн хэрэглээний бараа байдаг бол Австралийнх төмрийн баяжмал, нүүрс, алт, зэс, боловсролын үйлчилгээ бүхий аяллын хөтөлбөр байдаг ажээ. Цаашид Австралийн Хятад руу хийх экспорт зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй хөдөө аж ахуйн хүрээнд үлэмж хэмжээнд нэмэгдэх суурь үүгээр тавигдаж байгаа юм.


Б.Төгс