Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5772 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж буурчээ. Хүрэн металын үнэ ханш өнгөрсөн долоо хоногт 5904 ам.доллараар хаагдсантай харьцуулахад ийнхүү энэ долоо хоногт 140 орчим ам.доллараар хямдарчээ. Ийнхүү үнэ буурсан нь Хятадын эдийн засгийн таагүй байдал, тэр дундаа үл хөдлөхийн салбарын тааруу үзүүлэлт болон Грекийн эдийн засаг дампуурлаа зарлаж магадгүй байгаатай холбоотой юм байна. Хятадын тухайд тус улсын үл хөдлөх хөрөнгийн индекс өнгөрсөн тавдугаар сард 92.3 үзүүлэлттэй гарсан нь олон жилийн хугацаан дахь хамгийн доогуур дүн ажээ. Хятадад үл хөдлөхийн компаниуд барилгын газар худалдаж авах хэмжээ оны эхний таван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 31 хувиар багасчээ.
Грекийн хувьд энэ сарын сүүлээр гэхэд 1.6 тэрбум еврогийн зээлийг Олон улсын валютын санд эргүүлэн төлөх үүрэгтэй байгаа ч зээлээ хугацаандаа барагдуулах эсэх нь тун эргэлзээтэй байна. Европын холбоо Грект нэмэлт санхүүжилт олгохын өмнө улсын төсвөө 2 тэрбум еврогоор танахыг шаардаж буй юм.
Дээрх шалтгаан зэсийн үнэ нэлээд сулрах үндэс болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. Зэсийн хамтаар хөнгөн цагаан, цайр, никель, цагаан тугалга, хар тугалгын үнэ ч Лондоны бирж дээр буурчээ.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр хүрэн
металын ханш 6400 ам.доллартай байсан ч ийнхүү хоёр сар хүрэхгүй хугацаанд
аажмаар буурсан нь дэлхийн аж үйлдвэрийн салбар сайнгүй байгаагийн илрэл болж
байна.
Б.Төгс