Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн нүүрс, төмрийн хүдэр татвараас чөлөөлөгдөв

Энэ долоо хоногийн лхагва гаригт Австрали, Хятадын Засгийн газар хоёр улсын хоорондын Чөлөөт худалдааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар Австралийн эрдсийн бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр Хятад руу нийлүүлэгдэхээр болж байна. Австралийн коксжих нүүрс, төмрийн хүдэр гэрээ зурагдмагц Хятад руу нийлүүлэгдэхдээ татвараас бүрэн чөлөөлөгдөх бол эрчим хүчний нүүрс хоёр жилийн хугацаанд татвараас чөлөөлөгдөх юм.

Ийнхүү Австралийн эрдсийн бүтээгдэхүүн Хятад руу татваргүй нэвтэрснээр өмнөд хөршийн дотоодын ашиггүй ажиллаж буй нүүрс, төмрийн хүдрийн уурхайнуудад ихээхэн дарамт болох тухай China Daily хэвлэлд өгүүлжээ. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрүүд зардлаа бууруулахын сацуу эргээгээд Австралийн зах зээлд татваргүйгээр ган нийлүүлэх боломж нээгдэж буй нь цаагуураа ашигтайг онцолжээ.

Австрали, Хятадын хооронд сүүлийн 10 жил хэлэлцсэний эцэст Чөлөөт худалдааны гэрээ ажил хэрэг болсон нь хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж буйг талууд харилцан тэмдэглэж буй. Энэхүү хэлэлцээр нь Хятадын зах зээлийг онилж, уул уурхайн бүтээгдэхүүн төдийгүй хөдөө аж ахуйн бараа нийлүүлдэг бусад улс орноос Австрали илүү хөнгөлөлт эдэлж, илүү өрсөлдөхүйц болж буйг тодоор тунхагласан явдал боллоо.



Б.Төгс