Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Трансвест Монголиа” компанийн харилцагч нар Өмнийн говийн уурхайнуудтай танилцлаа



Өмнийн говийг зорих аяллын баг “Баянгол” зочид буудлын өмнөх талбайд цуглав. Холын замд гарах эдгээр хүмүүс бол Монголын уул уурхайн томоохон компаниудын шилдэг мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд юм.

Трансвест Монголиа” компанийн хамт олон харилцагч нараа Тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай  танилцуулах аяллыг ийнхүү анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг  гурван машинд хуваагдан сууж, Өмнөговь аймаг руу хөдөллөө. Багийн ахлагч маань  “Трансвест Монголиа” компанийн Худалдааны газрын дарга Д.Болдсүх. Тэрээр  цувааны хөдөлгөөн, амралт, зогсолт, хоорондын зай гээд бүхий л зүйлд санаа  тавьж, зочдод  аюулгүй ажиллагааны зааварчилгааг замын туршид тогтмол  өгч байлаа.

Нийслэл  хотод цаг агаар тааруу,  салхи шуурга ихтэй байсан бол Төв аймгаас цааш  хаврын урин налгар, нар ээсэн говь нутаг угтаж, хааяа нэг машин тэрэг өнгөрөх тэгш сайхан засмалаар “довтолгов”. 

“Уул уурхайн компаниуд өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар шинэ зүйл олж харж, нэвтрүүлэх нь аяллын  маань эхний зорилго. Хоёрдугаарт  Тавантолгой уурхайд ажиллаж байгаа Комацу  брэндийн техникүүдийг харилцагч нартаа үзүүлж, техникийн бүтээмж, найдвартай ажиллагаа, бага өртгөөр ихийг  гүйцэтгэх  боломж, бололцоог тайлбарлан таниулахад  бидний хоёр дахь зорилго чиглэж байна” хэмээн Багийн ахлагч Д.Болдсүх аяллын багт   танилцуулсан юм.

Хол зам туулсан аяллынхан  маргааш өглөө нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ   бүрэн өмсөж, бүхий л бэлтгэлээ базаан   Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 245 км хатуу хучилттай автозамыг  сонирхлоо. Нүүрс ачсан том оврын техникүүд үе үехэн өнгөрнө.   Өмнө нь энэ хавиар хэдэн зуун  машин   мөргөлдөх шахан давхилдан, говийн эмзэг хөрсийг талхалж орхидог байсан тэр  болхи дүр зураг ард хоцорчээ. Осол аваар ч гарахаа больсон байна.

Шадар сайд У.Хүрэлсүх шороон замаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргаснаас хойш Тавантолгойн олборлогч гурван компани нэг замаар, нэг маршрутаар нүүрсээ зөөдөг болсон нь энэ юм. Энэ жил энэ замаар 13 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө  гарсныг дуулгая.

“Гашуунсухайт автозам” компани экспортын автозамын ашиглалтыг  хариуцан ажиллаж байгаа аж.  Цаахнуур   нь  Тавантолгой-Гашуунсухайтын  төмөр замын даланг зэрэгцүүлэн тавьсан харагдана.  Комацугийн хүчирхэг техникүүд энд үр бүтээлтэй ажиллаж байгааг “Трансвест Монголиа” компанийн залуус аяллын үеэр  цухуйлгаад амжив.


Бидний аялал Тавантолгойн Баруун Цанхийн уурхайд үргэлжиллээ. Монголын үндэсний томоохон оператор “Хишиг Арвин Индустриал” компанийн ажилтнуудаас аюулгүйн зааварчилгаа аваад Баруун Цанхийн уурхайд   очлоо.  2013 онд “Монгол уурхайчид” түншлэл энэ стратегийн ордын тендерт ялж, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн.  Нүүрсний зах зээл хүндрэлтэй үед “Эрдэнэс Тавантолгой” ХК амжилттай ажилласан ба   2014 онд 5.7 сая тонн нүүрс экспортлон, 28.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.  Хэрэв нүүрсний зах зээлийн эрэлт буураагүй байсан бол “Монгол уурхайчид” түншлэл бүрэн хүчин чадлаараа ажиллан 10 сая гаруй тонн нүүрс олборлон, 36 сая метр.куб уулын ажил хийх байсан гэдгийг “Хишиг Арвин Индустриал”-ынхан учирлав. Тэд одоогоор техникийнхээ 50%-ийг л ашиглаж байгаа юм байна. Бусад нь сул зогсолттой. Ийм байдлаар удаан байвал техникүүдийн эдэлгээ муудаж, эвдрэл гэмтэл их гарахыг үгүйсгэхгүй гэж Баруун Цанхийн уурхайн дарга Т.Лхагважав ярилаа.

2014 онд “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний салбарын хамгийн том экспортлогч болсны нууц нь юу вэ гэсэн асуултад “Хишиг Арвин Индустриал”-ыхан “Гадныхнаас 2-4 дахин хямд өртөгтэй олборлолт, мэргэжлийн 800 гаруй ажилчин, хүний нөөц, аюулгүй ажиллагаа, уулын инженерчлэл, дээр нь   400 орчим хүчирхэг машин, тоног төхөөрөмжид байлаа” хэмээн товчхон хариулсан юм.
“Хишиг Арвин Индустриал” компани 560 хүний амрах байр, нийтийн хоолны газар, ногоон байгууламж гээд хотхоны иж бүрэн цогцолборыг 2014 оны намар ашиглалтад оруулжээ. Аяллын баг энэхүү  орчин үеийн шийдэлтэй, тохь  тухтай кэмпээр зочилж, үдийн зоог  барьсан юм. Оператороос уулын мастер, ахлах менежер, уурхайн дарга гээд бүхий л ажлыг 17 жил хийж байгаа Т.Лхагважав гуай Баруун Цанхийн уурхайг хүнд нөхцөлд  хариуцан ажиллаж байгаа нь бахархалтай.

“Бие биенээсээ ингэж туршлага судална гэдэг   ажлаа сайжруулахад их нөлөөтэй” хэмээн тэрээр  сэтгэгдлээ хуваалцав.

“Хишиг Арвин Индустриал” компанийн үйл ажиллагаа, Баруун Цанхийн нөхцөл байдалтай танилцсан бид  “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг уурхай руу хөдөллөө. Галерей кэмпэд мөн л аюулгүйн зааварчилгаа аваад  уурхайн нэг  томоохон бүтээн байгуулалт болох Цахилгаан станцыг сонирхлоо. 2011 онд  Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон тус Цахилгаан станц нь 18 мегаваттын хүчин чадалтай, говь нутгийн байгалийн онцлогт тохирсон агаарын хөргөлтийн системтэй, усны “O” хэрэглээ бүхий технологи, утааны хий дэх нарийн ширхэгтэй тоосонцрыг барих цахилгаан шүүлтүүртэй гээд олон давуу талтай ажээ.

“Цахилгаан станц нь Монголын 6 аймгийн төвийг хангахуйц хүчин чадалтай. Одоогоор 11 мегаваттаар ажиллаж байна.  Хоёр жилийн өмнө Төвийн эрчим хүчний системд холбогдсон.  Шаардлагатай тохиолдолд Даланзадгад, Дундговийн хэрэглэгчдийг хангах болно. Одоогоор Цогтцэций сум болон Баяжуулах үйлдвэр, ус хангамж, уурхайг түшиглэсэн аж үйлдвэрийн хэсгүүдийг цахилгаанаар хангаж байна. Нэг зууханд хоногт 100 тонн нүүрс ашигладаг” хэмээн  Цахилгаан станцын салбарын ээлж хариуцсан ажилтан  Б.Даваадэмбэрэл  танилцуулав.

Ингээд бид Нүүрс баяжуулах үйлдвэрээр орлоо. Тус үйлдвэрийн ашиглалтын инженер П.Хадбаатар “Манай үйлдвэр жилд 15 сая тонн нүүрс  баяжуулах хүчин чадалтай. Одоогоор  хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Цагт 1750 тонн нүүрс угааж, баяжуулж байна. Үүний 5 хувь нь коксжих, 25 хувь нь эрчим хүчний нүүрс. Үйлдвэрийн гарц ойролцоогоор 75 хувьтай явж байна” гэлээ.
Баяжуулах үйлдвэр усыг  95% хүртэл дахин ашигладаг төдийгүй тус үйлдвэрийг түшиглэсэн   Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг байгуулж,  2013 оны аравдугаар сард ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хаягдлаас ус шавхах орчин үеийн технологийг нэвтрүүлж, дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70 хувь нэмэгдүүлжээ.



Аялал  маань Ухаа худаг уурхайтай танилцсанаар үргэлжиллээ. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч зарим техникүүд нь сул зогсож байх юм. Энэ нь экспорт зогссонтой холбоотой ажээ.  Одоогоор нүүрсний 7 давхаргад олборлолт явуулж буй бөгөөд 3-8 метрийн зузаантай, олон төрлийн нүүрсийг хооронд нь холиод, Баяжуулах үйлдвэрээс нэг төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна хэмээн Ухаа худаг уурхайн мэргэжилтнүүд тайлбарлав.

“Ухаа худагийн уурхай бол Монголд хамгийн тэргүүний техник, технологи агуулсан сайхан уурхай. Том том төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Барууны технологи, хөдөлмөр аюулгүй ажиллагааг Монголд хэрхэн нутагшуулж байгааг харахад таатай байна” хэмээн аяллын баг  бүрэлдэхүүнд багтсан “Трансвест Монголиа” компанийн ажилтнууд ярьж байлаа. 

“Ухаа худаг ус хангамж” компанийн үйл ажиллагаатай танилцах боломж аяллынханд тохиосон юм.  Ухаа худаг уурхайн үйлдвэрлэлийн болон ахуйн усны хэрэгцээг хангаж, бохир усыг татан цэвэрлэх ус хангамжийн системийг бий болгох төслийн хүрээнд   117 л/сек хүчин чадал бүхий ус хангамжийн системийг 2011 онд ашиглалтад оруулсан байна.  Нарийвчилсан хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлснээр явцын дунд системийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлжээ.

Тус компанийн диспетчер Б.Байгаль “Манай цогц систем нь уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангахаас гадна Цогтцэций сумыг  ундны цэвэршүүлсэн усаар найдвартай хангадаг“ хэмээн ярилаа. Системийн хүрээнд гүний 12 худаг, газрын гүний эрдэсжилттэй усыг ундны усны стандартын түвшинд хүртэл цэвэршүүлэх байгууламж, 56 мянган куб метрийн багтаамжтай усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем зэрэг иж бүрдэл энд цогцоор ажиллаж байна.

Ийнхүү “Трансвест Монголиа” компаниас зохион байгуулсан Тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцах аяллын баг Улаанбаатар хотыг зүг хөдөллөө. Эрдэнэт, Шивээ-Овоо, Шарын гол, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Алтайн Хүдэр зэрэг алс холын олон газраас зорин ирж, нэг баг болж, харилцан туршлагаа солилцлоо.