Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн Дэд захирал О.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа юунд чиглэж байна вэ?Манай хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа аймаг орон нутагт талуудын хамтын ажиллагааг дэмжиж, уул уурхайн талаарх зөв ойлголт, мэдээллийг хүргэх, ингэснээр уул уурхайн давуу талыг ашиглаж аймаг, орон нутгаа хөгжүүлэх ямар боломж байгааг талууд хамтран тодруулж, хэрэгжүүлэхэд нь туслах юм.
Ийм үйл ажиллагааг бид Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт хэрэгжүүлж байна. Орон нутгийн сэтгүүлчид маань бидэнд зориулсан сургалт зохион байгуулаач гэсэн санал гаргадаг байсан. “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ын тавьсан санал ч сэтгүүлчдийн тавьж байсан хүсэлтэй нийцсэн болохоор бид уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтаа зөвхөн нэг аймаг гэлтгүй бүсээр нь зохион байгуулж буйгаараа онцлог.
Сургалтыг цаашид өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ? Сургалт нэг удаагийнх биш. Нэг удаагийн сургалт хүмүүст мэдлэг мэдээлэл өгдөг ч цаашид хөгжих, цогц мэдээлэл олгоход хангалтгүй байдаг. Тиймээс бид орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн. “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-тай хамтран ажиллаж буй гол зорилго маань ч энэ. Бид орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ бий болгохыг зорьж байна. Энэ удаад хойд бүсийн 5 аймгийн сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Удахгүй Баянхонгор аймагт баруун бүсийн аймгуудын сэтгүүлчдэд сургалт зохион байгуулах болно. Үүний дараа 11 дүгээр сард Улаанбаатар хотод баруун, төвийн бүсийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээ оролцуулан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна.
Орон нутгийн сэтгүүлчид хоорондоо туршлага солилцох, уул уурхайн талаарх мэдээллээ солилцох нь чухал. Мөн сэтгүүлзүйн бүтээлээрээ өрсөлдөх, шилдэг бүтээлийг урамшуулах, сайн бүтээлийг товхимол байдлаар хэвлүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь сургалтад оролцож чадаагүй бусад сэтгүүлчдэд үр өгөөжөө өгөх болов уу хэмээн найдаж байна. Энэ бүх үйл ажиллагааг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулах болно.
Сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?Хүлээлт бий. Орон нутгийн сэтгүүлчид уул уурхайн талаар тодорхой хэмжээгээр бодит зөв мэдээлэлтэй болох, тодорхой баримттай бүтээлүүд гаргах байх гэж найдаж байна. Тэр бүтээлүүд орон нутгийн иргэдэд уул уурхайн талаар үнэн зөв, бодитой мэдээллийг хүргээсэй. Сэтгүүлчид маань бидний энэ зорилгод нэгдэж ажиллах байх.
Нөгөө талаар энэ удаагийн сургалтаар сэтгүүлчид компаниудтай харьцах, төрийн байгууллагатай харьцах талаар тодорхой арга зүй, тактик сурсан байх. Ядаж л танай компанид нийгмийн хариуцлага байхгүй байна, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсох, тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах ёстой гэж хэлж чадах байх гэж бодож байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ биш болохоор сэтгүүлчид цаашид энэ чиглэлээр хоорондоо туршлага солилцож, улам чадавхжих боломжтой болно гэж итгэж байна.
Танай хөтөлбөр өөр ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бол Герман, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай хөтөлбөр эрдэс баялгийн тогтвортой менежмент хэсгийн цөм төсөл. Манай хөтөлбөрөөс гадна Мэргэжлийн боловсролын төсөл амжилттай хэрэгжиж байна. Олон аймагт чадвартай ажиллах хүчнийг бэлтгэж байгаа. Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулсан нь хэрэгжсэн бас нэг төсөл юм.
Манай “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, макро эдийн засгийн тодорхой бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт судалгаан дээр суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт, Герман, Монголын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг. Герман улсын Канцлер Ангела Меркель Монгол улсад айлчлах үеэр ашигт малтмал, технологи, үйлдвэрийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээг хэрэгжүүлэхэд манай хөтөлбөр дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамтай хамтраад байгаль орчинд учруулсан хохирлыг амьдрах орчны үнэлгээгээр хийдэг болох төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн Хөдөлмөрийн яамтай хамтраад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хууль эрхзүйн орчин, стандартыг шинэчлэх ажлууд хийж байна. Энэ чиглэлээр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газартай ч хамтран ажиллаж байгаа.
Хувийн хэвшлийг дэмжих, Германы хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой нягт хамтран ажилладаг байх аа?Сүүлийн 3 жил Герман-Монголын бизнесийн өдрийг зохион байгуулж, Германы компаниудыг Монголд үйл ажиллагааг нь танилцуулах, Монголын компаниудтай холбох ажлыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.
Энэ мэтээр хувийн хэвшил, төрийн байгууллага, орон нутагтай тус тусын чиглэлээр хамтран ажилладаг. Үүн дээр нэмээд сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна. Сэтгүүлчидтэй хамтран ажиллах бас нэг ажил төлөвлөж байгаа нь үндэсний хэмжээнд 15 сэтгүүлчийг чадавхижуулах 1.5 жилийн хугацаатай сургалтыг Германы хэвлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Манайд чадварлаг сэтгүүлч олон бий. Монголынхоо сэтгүүлчдийг олон улсын сэтгүүлзүйн шинэ хөгжилтэй уялдуулах зорилготой. Монголд тодорхой хугацаанд тодорхой чиглэлээр сургалтуудад хамрагдахаас гадна Европт болж байгаа арга хэмжээнд оролцож, тэндээсээ сэтгүүлзүйн бүтээл туурвих зэргээр 1.5 жилийн хугацаанд хэрэгжих төслийг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монгол улс ашигт малтмалын арвин нөөцтэй. Энэ нөөцөө ашиглан хөгжихөд үндэсний болон орон нутгийн оролцогч талуудыг чадавхижуулах, тогтвортой хөгжлийг бий болгох, газар доорх баялаг бүх ард иргэдэд хүртээлтэй байх боломжийг бий болгох үндсэн зорилгын дор бид үйл ажиллагаагаа явуулж байна.