Хятадын төмрийн хүдрийн импорт 5 дугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар буурсан дүн юм.
Харин 5 дугаар сард Хятадын гангийн
экспорт өмнөх сарынхаас 8%-иар өссөн
байна. Гэхдээ Хятадын гангийн үнэ сүүлийн 2 жилийн турш буурч байгаа бөгөөд 6
дугаар сарын 16-нд 2337 юань буюу 376 ам.доллар орчим үнэтэй болжээ. Уг үнэ нь
сүүлийн 12 жилийн доод үнэ юм. 2011 онд 5000 орчим юань хүрч байсан бол 2013
оны 6 дугаар сард 4200 орчим юанийн үнэтэй байсан юм.
Засгийн газар сүүлийн 7 сарын
хугацаанд бодлогын хүүг 3 удаа бууруулсан ч төмрийн эрэлтийг таамаглаж байсан
шиг нэмэгдэхгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.
Харин Японы төмрийн хүдрийн импорт 4
дүгээр сард 11.1 сая тонн хүрч, өмнөх сарынхаас 0.5 сая тонноор буурчээ. Жилийн
өмнөхтэй харьцуулахад 5.8%-иар
буурсан гэсэн үг юм.
С.Болд-Эрдэнэ