Нийгмийн хариуцлагад чиглэсэн нэгэн үйл ажиллагааг “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани зохион байгуулаад уламжлал болж буй. Энэ бол “Miners Charity Golf tournament” буюу “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн” юм. Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд оролцдог энэ тэмцээнээс олсон орлогыг буяны үйлст зориулдаг учиртай.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компани нь маш олон байгууллагуудыг судалсны үндсэн дээр хандиваа зориулахдаа мөнгө хандивлахаас илүүтэй бодит ажил болгохыг зорьдог. Тэмцээнийг зохион байгуулсан анхны жил хүүхдийн асрамжийн “Лотус” төвийн байрны барилгын ажилд хандив өгсөн байдаг. Хоёр дахь жил нь Улсын хүүхдийн асрамжийн “Өнөр бүл” төвийн урлаг, уран сайхны ангийг бүрэн тохижуулах хандив хуримтлуулсан юм. Гурав дахь жилийн хандивийг Эх нялхсын төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн тохижилтод зориулсан. Өнгөрсөн жилийн хувьд Үндэсний хавдар судлалын төвийн Туяа эмчилгээний 2 дахь төсгийг тохижуулахад хандив өргөсөн билээ. Харин энэ жилийн тэмцээнээс олсон нийт 10 сая төгрөгийн орлогын хандивыг Хан-Уул дүүргийн 24 цагийн сувиллын 4 дүгээр яслид зориулахаар төлөвлөжээ.
“Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн”-ий 5 жилийн ой, “Вагнер Ази технологи” компанийн SOS лаборатори үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд нийт 8 баг өрсөлдсөнөөс Ж.Оджаргал ахлагчтай “Энержи Ресурс” компани тэргүүн байрт шалгарсан юм. Тамирчдын ур чадвар сайжирч, багууд жил ирэх тутам хүчтэй өрсөлдөн, басхүү тэмцээн ихээхэн хүлээлттэй болсон тухай тус арга хэмжээг санаачлагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн удирдлагууд онцолж байлаа. “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Лейтон” болон MNO зэрэг компаниуд уламжлалт гольфийн тэмцээнд тогтмол оролцож ирсэн билээ.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компани нь буяны үйлст хандив өргөх энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар 2014 онд АНУ-ын Засгийн газраас олгодог нийгмийн хариуцлагын томоохон шагнал хүртэхэд нэг том түлхэц болжээ.
Э.Од