Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ нь баруун бүсийн орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Баянхонгор хотноо 6 дугаар сарын 25-26-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн телевиз, радио, сонин, сэтгүүлийн нийт 25 сэтгүүлч оролцлоо. Баруун бүсийн сургалтыг ММJ сэтгүүлийн орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нээсэн бөгөөд нээлтийн үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон ИТХ-ын тэргүүлэгч Б.Төмөрбаатар нар хүрэлцэн ирж үг хэлсний сацуу уул уурхайн сэдвийн хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Аймгийн Засаг дарга сэтгүүлчдийн асуултад хариулж дуусаад үр дүнтэй, хэрэгцээтэй сургалт зохион байгуулж буйд нь талархал илэрхийлж сургалтын багийн ахлагч, MMJ-ийн орлогч эрхлэгч Н.Ариунтуяаг Жуух бичгээр шагнав.
Баянхонгор аймгийн тухайд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй голлодог ч цаашдаа уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжих бүрэн боломжтой нутаг юм. Ингээд эхний өдрийн сургалтад Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг хэрхэн ойлгомжтой мэдээлэх вэ; Баруун бүсийн уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог; Баянхонгор аймгийн олборлох үйлдвэрлэл; Монголын болоод баруун бүсийн алтны салбарын онцлог; Бичил уурхай Монголд; зэрэг сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харин хоёр дахь өдрийн сургалтад Тогтвортой хөгжил ба хөгжлийн сэтгүүл зүй; Уул уурхайг сурвалжлах нь: MMJ-ийн туршлагаас; зэрэг сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн дунд тавьсан илтгэлийн хүрээнд асуулт хариулт явууллаа.
Баруун бүс нь аж үйлдвэр хөгжөөгүй ч, цаашид энэ чиглэлээр тун ахицтай ажиллах арвин боломж бололцоотойг эрдэмтэн судлаачид тэмдэглэдэг. Иймд уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлээр тус бүс нутгийн сэтгүүлчдэд өөрсдийн олж авсан мэдлэг туршлагаа түгээхийн сацуу харилцан туршлагаа хуваалцах нь “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”-н баруун бүсэд томилогдон очсон сэтгүүлчдийн багийнхны зорилго байсан юм. Сургалтад оролцсон орон нутгийн сэтгүүлчдийн хувьд энэхүү уул уурхайн чиглэлээр дагнасан сэтгүүл зүйн сургалт нь цагаа олсон, нэн хэрэгцээтэй үйл ажиллагаа болсныг илэрхийлж байсан юм.
Сургалтаас гадуурх үйл ажиллагаа ч баруун бүсийн сургалтыг илүү үр өгөөжтэй, амьд болгож байсан билээ. Тухайлбал сургалтын эхний өдөр хол зам туулж алжаасан сэтгүүлчдэд гэнэтийн сайхан бэлгийг Баянхонгор аймгийн захиргаанаас барьсан нь Шаргалжуутын халуун рашаан буюу Хонгор нутгийн төдийгүй Монголын ховор сайхан, үзэсгэлэнт байгалийг үзүүлсэн явдал байв. Харин хоёрдугаар өдрийн сургалт өндөрлөсний дараагаар “Өнөөгийн Баянхонгор” сонины Ерөнхий эрхлэгч П.Санаадагва орон нутгийн сэтгүүлчдийг Баянхонгор хоттой танилцуулж, сонины редакцидаа урьсан юм. Мөн сэтгүүлчид нутгийн зүг хүлгийн жолоо залахын өмнө тус хотын “Баянхонгор Таймс” сэтгүүл болон “Хонгор телевиз”, “Баянхонгор телевиз”-ийн редакциар орж, үйл ажиллагаатай нь танилцсан нь сургалтыг илүү практик болгов.
Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд ердийн жишгээр бол гурав, дөрвөн хүний хийх ёстой ажлыг гагцаар хийж амжуулдаг нь тэдний редакцийн цөөхөн хүнтэй багийн амжуулж буй үйл ажиллагаанаас харагдаж байсан юм. Тодруулбал нэг телевизэд гурваас таван хүнтэй баг 17-18 цагийн эфирийг хариуцдаг бол сонин сэтгүүлд нэгээс дөрвөн хүнтэй баг ажиллаж сард гурван дугаар хэвлүүлдэг нь ердийн хэмнэл ажээ.
Баруун бүсийн мэргэжил нэгт сэтгүүлч нөхдөдөө Монгол орны эдийн засгийн голлох салбарын нэг болсон уул уурхайн чиглэлээр мэдлэгээ хуваалцсан явдал нь тус сургалтын нэгэн томоохон зорилт биелсэн хэрэг байлаа. Харин тус сургалтад оролцсон сэтгүүлчид маань ирэх 11 дүгээр сард эргээд энэ чиглэлээр хийсэн бүтээлээрээ, энэ явцад хийх явцад шинээр олж авсан туршлага мэдлэгээ хоорондоо хуваалцахаар Улаанбаатарт хуралдах болно. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тэд уул уурхайн чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлдэх даалгаврыг сургалт өндөрлөхөд аван нутаг буцсан билээ. Өөрөөр хэлбэл зөвхөн сургалт хийгээд хоорондоо ярилцаад өнгөрөх бус бодит бүтээлээр буюу ард олондоо уул уурхайн сайн болон муу талыг үнэн зөвөөр хүргэсэн уран бүтээлээрээ сэтгүүлчид уулзалдах бөгөөд энэ нь сургалтын үр дүнгийн нэг том хэсэг байх юм.
Б. Төгс