Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Монголын эрдэс боловсруулалт шинэ шатанд гарч байна



“Оутотек Монголиа” компанийн Гүйцэтгэх захирал Т.Гансүлдтэй ярилцлаа.

Юуны түрүүнд “Оутотек Монголиа” компанийн талаар манай уншигчдад танилцуулна уу?

“Оутотек Монголиа” ХХК 2013 оноос дэлхийд алдартай металургийн технологийн “Оутотек Финланд” компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж ирсэн. “Оутотек” компани бол эрдэс боловсруулалтын технологиор 100 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийд тэргүүлэгч томоохон компани юм. “Оутотек Монголиа” компанийн хувьд богино ч гэсэн өнгөрсөн хугацаанд чамгүй үр дүнд хүрч ажиллалаа. Монголын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, бидний хамгийн том харилцагч болох “Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсэгт манай хоёр машин ажилладаг. Бид машинуудаа худалдаад зогсдоггүй, урт хугацааны бэлэн байдлыг хангахын төлөө сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, техник үйлчилгээг тогтмол хийдэг. Харилцагч маань засвар үйлчилгээний өртгөө яаж бууруулах, үнэ цэнтэй технологийн шийдлийг яаж бий болгох вэ гэдэгт анхаарч ажилладаг. Мөн Эрдэнэтийн УБҮ-тэй хамтран ажиллаж эхэлсэн. Эрдэнэт нь 20 дугаар зууны шилдэг бүтээн байгуулалт хэдий ч 21 дүгээр зуунд үйлдвэрийн технологи хуучирч байна. Технологийг шинэчлэх ажил нэлээд явагдаж байна. 6 дугаар сард жилдээ 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийг ашиглалтад орууллаа. Мөн шинэчлэлт шаардлагатай үйлдвэрийн цехүүд байгаа. Бид өнгөрсөн онд технологийн аудит хийсэн. Түүний үр дүнд Финланд, ТУХН-ийн бүсээс мэргэжилтнүүд авчирч үйл ажиллагааг оновчлох, засвар үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэргээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МАК гээд Монголын уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.

“Оутотек Монголиа” компани одоо ажиллаж байгаа төслүүдийнхээ талаар танилцуулахгүй юу?
МАК компанитай хамтран Цагаансуваргын ордын исэлдсэн зэсийн хүдрийг боловсруулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байна. Бид гидрометалургийн уусган хандлах технологийн хамгийн сүүлийн үеийн VSF-X загварын үйлдвэрийг санал болгож байгаа. Энэ технологийн нэг онцлог нь үйлдвэрийг бүтээн байгуулах хугацаа маш бага. Ердийн үйлдвэрийг барих хугацаанаас багадаа 20% бага хугацаа зарцуулдаг. Мөн үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент маш өндөр. Өөрөөр хэлбэл жилийн 365 хоногийн 99%-д нь үйлдвэр зогсолтгүй ажиллах чадамжтай. Үлдсэн 1%-д нь хугацаат засвар үйлчилгээ хийх боломжтой.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цахилгаан нуман зуухын өмнөх үйдвэрийн үе шат буюу ширэм үйлдвэрлэх, нойтон баяжуулах үйлдвэрийн судалгааны ажилд оролцож байна. Металургийн туршилтуудыг Герман дахь судалгааны төвд амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Дараагийн үе шат буюу үйлдвэрийн дизайны ажилд орох эсэхээ шийдвэрлэхээр хүлээгдэж байна.

Саяхан Засгийн газраас зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргалаа. Ер нь Та Монголын эрдэс боловсруулалтын хөгжлийг юу гэж харж байна вэ?
Монголд эрдэс боловсруулалт дараагийн үе шат руугаа ороход ойрхон байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр үе шат руу бид орж эхэлж байна. Жишээ нь Эрдэнэтийн овоолго дээр ажилладаг “Эрдмин” үйлдвэрээс гадна “Ачит Ихт” шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Эдгээрээс гадна Цагаансуваргын гидрометалургийн үйлдвэр гээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд ашиглалтад орох байх. Зэсээс гадна төмрийн хүдэр боловсруулах, ширэм, ган үйлдвэрлэх үйлдвэрүүд ч эхнээсээ баригдаж байна. Энэ бол Монголын эрдэс боловсруулалтын түвшин шат ахиж буйн илрэл. Үүнээс гадна өнөөдөр ажиллаж байгаа үйлдвэрүүдийн маань технологи хуучирч байна. Шинэчлэлт хийх шаардлагатай.

Бодлого тодорхойлогчид, салбар яамдын зүгээс зэс хайлуулах үйлдвэр барих талаар маш идэвхтэй ажиллаж байгаад талархаж байгаа. “Оутотек” компанийн хувьд пирометалургийн салбарт хамгийн шилдэг технологийг санал болгодог. Байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэг технологид тооцогддог технологийг манай компани эзэмшдэг. 2011 онд манай компани ирээдүйд байгуулах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах Санамж бичгийг Уул уурхайн яамтай байгуулж байсан. Мөн Аж үйлдвэрийн яамтай “Зэс” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд маш нягт хамтран ажиллаж байгаа. Бид Эрдэнэтийн УБҮ-ийн Хөгжлийн хэлтсийн ажилтнууд болон инженерүүдийг “Оутотек”-ийн технологиор барьсан жишиг үйлдвэрүүдтэй танилцуулах аялалыг 2013 онд зохион байгуулсан.

Яагаад “Оутотек”-ийн технологийг ашиглах нь зөв болохыг та жишээгээр тайлбарлаж болох уу?
“Оутотек”-ийн технологийг ашиглах нь маш олон давуу талтай. Сүүлийн үед үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрлийн (social license to operate) талаар ихээхэн ярих боллоо. Уул уурхайн олон улсын томоохон компаниуд энэхүү нийгмийн лицензээ авахын тулд хүрээлэн буй орчин, байгаль орчин, орон нутгийн иргэд, эдийн засгийн орчиндоо тэнцвэртэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй учраас хамгийн тогтвортой технологийн шийдлийг сонгодог.

Үүний бодит жишээ нь Хойд Америкийн Кеннекоттын уурхайн зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн шийдэл юм. Үйлдвэрийн хажууд мужийн төв Солт Лейк хот байрладаг. Хайлах үйлдвэрийн яг хажууд маш том давст нууртай. Үйлдвэрийн хашааны гадна дархан цаазтай марал буга бэлчиж байдаг. Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хамгийн сөрөг тал нь хүхрийн давхар исэл гэдэг хорт бодис гардаг. Үүнийг байгальд шууд цацахгүйгээр авч үлдээд эдийн засгийн ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг “Оутотек” эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчин, ан амьтан, хүн амд хор хөнөөлгүйгээр зэс хайлуулан цэвэршүүлэх үйлдвэрийг ямар технологиор барьж болох вэ гэдгийг “Оутотек” мэддэг. Тийм ч учраас бид шийдвэр гаргагчдад энэ технологио санал болгож байгаа. Монголын металургийн салбар байгаль орчин, хүн амд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжих бүрэн боломжтой гэж бид харж байгаа.





Семинарт тавигдсан илтгэлүүдээс харахад, сүүлийн жилүүдэд ОХУ, Хятадад баригдаж, ашиглалтад орсон зэс баяжуулах, хайлуулах томоохон үйлдвэрүүдийн дийлэнх нь “Оутотек” компанийн технологийг ашиглажээ?
Дэлхийн зэс хайлах зах зээлийн 50-иас илүү хувь нь Хятадад төвлөрдөг. Хятадын зэс хайлуулах, цэвэршүүлэх томоохон үйлдвэрүүд яагаад “Оутотек”-ийн технологийг сонгоод байгаа нь олон учир шалтгаантай. Юуны түрүүнд байгаль орчинд хор хөнөөл багатай технологийг хятадууд сонгож байна. Энэ нь эдийн засгийн, байгаль орчны болоод улс төрийн эрсдэлийг удирдах, түүнээс сэргийлэх гээд олон давуу талтай.

Жишээ нь пирометалургийн төсөл маш өндөр өртөгтэй бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь урт байдаг. Ямар ч хөрөнгө оруулагч учирч болох эрсдэлээс урьдчилж өөрийгөө хамгаалахыг зорьдог. Улс төрийн эрсдэл, байгаль орчны эрсдэл, түрүүн хэлсэн нийгмийн зөвшөөрөлтэй холбоотой эрсдэл гэх мэт. “Оутотек”-ийн технологи Хятадад нэвтэрсний нэг давуу тал нь пирометалургийн салбарт шатах, хайлах процестой холбоотой хорт хаягдлыг байгаль орчинд дэгдээж байна гэдэг эсэргүүцлээс  урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр технологийг сонгож байгаа юм. Хятадын Засгийн газраас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг баяжуулах, болосвруулах үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авч байгаа. Тийм болохоор Хятадын компаниуд, хөрөнгө оруулагчид байгаль орчинд хөнөөл багатай технологийг сонгож байна. Сүүлд ашиглалтад орсон Тонлин, Фанченган гээд зэс хайлуулах томоохон үйлдвэрүүд “Оутотек”-ийн технологийг дангаар нь болон “Рио Тинто”-той хамтарсан Дабль Флаш (Flash Smelting Flash Converting) технологийг сонгож байгаа.

Боловсруулах үйлдвэрийн орхиж болохгүй нэг асуудал бол ашигт ажиллагаа, засвар үйлчилгээ. Манай улсад боловсруулах үйлдвэрлэл төдийлөн өндөр хөгжөөгүй болохоор энэ чиглэл орхигдоод байдаг шиг санагддаг. Харин “Оутотек” энэ асуудлыг цогцоор шийдэх шийдлийг санал болгодог гэж ойлголоо?
Энэ бол маш чухал асуудал. Манайд одоо бол тодорхой лиценз эзэмшигч нь маш хурдан хугацаанд үйлдвэрээ барьж, хурдан хугацаанд бүтээгдэхүүнээ борлуулж, бэлэн мөнгөний урсгалаа хангахыг илүүд үздэг. Ингэхдээ технологийн, борлуулалт суурилуулалтын дараах үйлчилгээний баталгаагүй үйлдвэрийг сонгодог. Үүнээс болоод үйлдвэр нь зогсох тохиолдол цөөнгүй. Ялангуяа төмрийн хүдрийн салбарт ийм тохиолдол нэлээд гарч байгаа.

Аливаа үйлдвэрийн технологийг суурилуулаад ашиглалтад оруулсан бол үйл ажиллагааны засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, технологийн шинэчлэл, хүчин чадлын өргөжилт гээд сервис буюу үйлчилгээг ч гэсэн хамтад нь шийдвэрлэх ёстой. Үйлдвэрийн зардлыг өсгөж, орлогыг бууруулдаг хамгийн гол зүйл нь ашигт ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээтэй холбоотой хүчин зүйлүүд байдаг. Манайд ийм зарчмаар ажиллаж байгаа бодит жишээ бол Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хоёр машин.

Хүний бие организмаар тооцвол хоёр бөөр гэсэн үг. Шүүн хатаах хэсгээс гарч байгаа бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал. Шүүн хатаах хэсэг зогсвол энэ үйлдвэр бүтээгдэхүүн гаргаж чадахгүй зогсоход хүрнэ. Ингэх юм бол олборлолт тээвэрлэлт, бутлах, хөвүүлэн баяжуулах гээд өмнөх бүх процесс зогсоно гэсэн үг. Тийм болохоор шүүн хатаах машинууд маань “Оюутолгой” компанийн төдийгүй бидний хувьд онцгой ач холбогдолтой юм. Бид “Оюутолгой” ХХК-тай 3 жилийн сервис үйлчилгээний гэрээтэй ажиллаж, жилд 2 удаа засвар үйлчилгээ хийдэг. Ингэхдээ “Оутотек” компанийн мэргэжилтнүүд шүүн хатаах машиныхаа бэлэн байдлыг хангахын тулд засвар үйлчилгээ үзүүлж, үнэгүй сургалтуудыг хийдэг. Оюутолгойн уурхай өөрөө урт хугацаанд ажиллах уурхай. Түүнийг дагаад манай машинууд ч тэр насжилттай адил урт хугацаанд найдвартай ажиллагаатай байх ёстой. Үүнийг бид хийдэг. Харилцагч маань зэсийн үйлдвэрлэлээ тогтвортой байлгах сонирхолтой. Харин бид өөрсдийн нийлүүлсэн үйлдвэр, технологио үйл ажиллагааны бэлэн байдлын хамгийн өндөр түвшинд (availability 98-100%) ажиллуулах үүрэгтэй юм.

С.Болд-Эрдэнэ

  • sain (27.123.214.114)
    medeelel taalagdlaa Amjilt ta buhend
    2015 оны 07 сарын 07 | Хариулах