Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 5450 долларт хүрч буурав

Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь 5455 ам.долларт (3 сарын гэрээт үнэ) хүрч буурав. Гэхдээ энэ нь өчигдрийн арилжааны хаалтын ханш юм. Харин тус өдрийн арилжаагаар буюу орон нутгийн цагаар өдрийн 02:00-04:00 цагийн орчимд зэсийн үнэ бүр 5289.5 ам.долларт хүрч буурчээ. Энэ нь зэсийн үнэ сүүлийн 6 жилийн доод ханшид хүрч унасан хэрэг болсныг хэвлэлүүд онцоллоо.

Ийнхүү зэсийн үнэ буурч буй нь дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятадын эдийн засгийн өсөлт саарч, үйлдвэрлэл, хэрэглээ нь ч буурна гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд илүү хүчтэй болсонтой холбоотой юм. Учир нь сүүлийн хэд хоног Хятадын компаниудын зах зээл дэх хувьцааны үнэлгээ огцом бууралттай байгаа. Он гарсаар зэсийн үнэ 15%-иар буураад байна. Өнгөрсөн нэгдүгээр сард зэсийн үнэ тонн нь 6300 орчим ам.доллар байв.

Зэсийн үнэ өнгөрсөн 6 дугаар сарын дунд үеийн байдлаар ойролцоогоор 6000 ам.доллар/тонн ханштай байсан ч аажмаар буурсаар 5770 гаруй ам.долларт үнэ нь тогтсон ч энэ долоо хоногт ийнхүү эрчимтэй унаад байгаа юм.

Дэлхийн зэсийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсад барилгын салбар болон автомашины салбарынх нь өсөлт удааширч буй тул эдгээр салбараас эхтэй зэсийн эрэлт нь ч дагаад багасч буйг шинжээчид сануулж байна. Оны эхний таван сарын байдлаар Хятадын барилгын салбарын ашиглалтад оруулсан үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээний өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 13.3%-иар буурсан бол суудлын автомашин борлуулалтын өсөлт эхний таван сард өмнөх оныхоос 3.6%-иар буурчээ.

Шинжээчид цаашид зэсийн үнэ төдийлөн дорвитой өсөлттэй байхгүй болов уу гэсэн таамаглал дэвшүүлж байна.


Б.Төгс