Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 44 долларт хүрч буув

Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 44.1 ам.долларт хүрч буурлаа. Хэдийгээр төмрийн хүдрийн үнэ өмнөх долоо хоногт 56 орчим ам.долларт хэлбэлзэж байсан ч, энэ долоо хоногийн эхээр огцом буурчээ. Энэ нь цаашид төмрийн хүдрийн эрэлтийн 70%-ийг дангаараа бүрдүүлэгч Хятадын уг түүхий эдийн хэрэглээ буурахаас гадна төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгчдийн үйлдвэрлэл өснө гэсэн таамаг зах зээлд өргөн тархсанаас үүдэлтэй хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн баяжмалын үнэ тус боомт дээр 46.7 ам.долларт хүрсэн нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ хэмээн шинжээчид онцолж байсан. Гэсэн ч Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц татан авалт нэмэгдсэнээс үүдэн төдөлгүй үнэ нэмэгдэж хэсэг хугацаанд 60 гаруй ам.долларт тогтвортойгоор хадгалагдсан билээ.

Гэвч энэ нөхцөл байдал нь ердөө түрхэн зуурын үзэгдэл хэмээн олонхи шинжээчид тайлбарлаж байсан. Тэдний тайлбар оргүй биш байж болохыг одоогийн зах зээлийн байдал харуулж буй ч ийнхүү үнэ буурахад Хятадын компаниудын хувьцааны үнэлгээ сүүлийн хэд хоног хөрөнгийн зах зээл дээр огцом буурч эхэлсэн нь “гал дээр тос” нэмэв гэгчээр нөлөөлснийг ч дурдах хэрэгтэй. Харин үнийн ийм доогуур түвшин удаан үргэлжилбэл зөвхөн төмрийн магнатууд болох Рио Тинто, BHP, Вале, FMG зэрэг компани л тэсч үлдэх боломжтой нь бас тодорхой байгаа юм.


Б.Төгс