Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрс арваны ёроолдоо хүрч, Тавантолгойн гэрээ Тамгын газарт дарагдав

Пийбоди Энержи Корпорац энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэдээ эцэслэн танилцуулах гэж байна. Долдугаар сарын 28-нд танилцуулах алдагдлын хэмжээ нь өмнө, зургадугаар сарын 30-нд олон нийтэд гаргасан мэдээллээс илүү “хар” байх болов уу хэмээн шинжээчид тэмдэглэжээ.

Moody’s нь тус компанийн ойрын ирээдүйг  өөдрөгөөр төсөөлөхгүй байгаагаа, 2016 оны сүүл хүртэл ямар ч сэргэлт ирэхгүй гэдгийг саяхан зарласан. Пийбоди Энержи корпорацийн хувьцаа сүүлийн нэг жилийн турш 92.65 хувиар унаад байна. Монголын Тавантолгой ордын олон улсын тендерт Пийбоди компани ёс төдий оролцсон учир нь ч санхүүгийн хүндрэлтэй нь холбоотой юм. Тавантолгой ордод хөрөнгө оруулагчдад тавьсан Монголын Засгийн газрын нөхцөлийг хангах хэмжээний санхүүжилтийг Пийбоди хийх эрмэлзэлгүй байсан учир төмөр замын бүтээн байгуулалтын тухай тендерийн саналдаа дурдаагүй билээ.

Компаниуд өдгөө 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргаж байна. Нүүрсний компаниудын хувьд хувьцааных нь үнэ улаан шугам хүртэл хэдийнэ унаж, алдагдлын хэмжээгээ томруулсаар байна. Дэлхийд коксжих нүүрсний олборлолтоор тэргүүлэгч BHP Billiton-ийн нүүрсний салбарын захирлаар энэ оны нэгдүгээр сард томилогдсон Майк Хенри “Байдал хүнд хэдий ч оны эхнээс 20-25 хувиар үнэ унана гэж төсөөлөөгүй” хэмээн The Weekend Australian сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Коксжих нүүрсний үнэ ойрын үед мэдэгдэхүйц сэргэхгүй хэмээн ноён Хенри дурдаад, Хятадын импортын бодлогоос үүдэн ийм дүгнэлт хийж байгаагаа хэлжээ.

BHP Billiton-ын эзэмшдэг Күинслэндийн уурхай энэ оны эхэнд нэг тонн коксжих нүүрсээ 113 ам. долларын боомтын үнээр борлуулж байсан бол эдүгээ тонн нь 85 ам. доллар болоод байна.

Долдугаар сарын 18-нд Хятадын Эрчим хүчний агентлаг мөн оны эхний хагасын статистикийн мэдээгээ зарласан юм. Тус улсын статистикийн мэдээгээр эхний зургаан сард импортолсон нүүрсний хэмжээ 38 хувиар багасчээ.

Нүүрс сүүлийн арван жилийн хамгийн доод үнэдээ хүрэв. Шалтгаан нь Хятад импортоо огцом багасгасан, экологийн стандартын шаардлага дэлхий дахинд өндөр болсоор байгаатай холбоотой. Хэдий ойрын үед нүүрсний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэхгүй гэсэн таамаг гарсаар байгаа боловч дэлхийн коксжих нүүрсний томоохон орд Моатайзаас далайн шинэ боомт Накала-Вэла хүрэх ложистикийн коридор долдугаар сард нээгдэв. Мозамбик улс ийнхүү Моатайз ордынхоо нүүрсийг Хятад, зүүн хойд Азийн зах зээлд нийлүүлэх гарцыг нээж байна. Долдугаар сард туршилтын ачилт хийсэн ба есдүгээр сараас ажил жигдэрнэ хэмээн Platts мэдээлжээ. Моатайз ордоос тус улсын хойд эргийн Накала-Вэла шинэ боомт хүрэх 900 км төмөр замыг байгуулсан ба ложистикийн бүтээн байгуулалтад Бразилийн Вале компани гол хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Бразилийн Вале нь  Монголын Тавантолгой ордын эхний тендерт 2010 онд оролцож байсан. Харин Тавантолгойд хөрөнгө оруулагч шалгаруулах ажил сунжирч, Монголын улстөрчдийн дотоодын хэрүүлд Тавантолгой орд улам бүр үнэгүйдэх нь тодорхой болсныг мэдэрсэн олон улсын цөөнгүй компанийн адил манайхаас хэдэн жилийн өмнө гарч явсан юм. Вале нь Моатайз ордод хөрөнгө оруулагчаар ажиллан, тус ордын нүүрсийг зөөх 900 км төмөр замыг эзэмшигч ложистикийн компанийн 80 хувийг мөн эзэмшиж байна.

Моатайз ордоос жилд 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. 2017 он гэхэд экспортыг 22 сая тонн болгох төлөвлөгөөтэй.

Монголын Тавантолгой ордын хувьд коксжих нүүрсний үнийн супер уналтын өмнөхөн буюу өнгөрсөн оны аравдугаар сард олон улсын тендерийг зарласан билээ.  Үнийн тодорхой санал өгөх боломжгүй Пийбоди хийгээд, зөвхөн төмөр замын сонирхолтой “Оросын төмөр замууд” нь Тавантолгойн тендерийг зүгээр л өөлөгч болон өөрсдөө хойш суусан юм. Харин хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын коксжих нүүрсний брэндийг таван орны зах зээлд хүргэх  бодит боломж бүхий нэгдсэн Консорциумыг унагаах ажиллагаа төрийн ордонд үргэлжилсээр байна.

Хөрөнгө оруулалтын эхний гэрээг өөлөх ноцтой шалтгаан олдоогүй ба эцсийн дүндээ УИХ-ын дарга З. Энхболдын санал болгосон дундын хувилбараар Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх  тулгалтыг Засгийн газар хүлээн авсан юм. Засгийн газар анхны гэрээгээ УИХ-аас татан авсныхаа дараа З. Энхболд нартай тохиролцсон дундын хувилбарыг УИХ-ын Тамгын газарт наадмын өмнө дахин хүргүүлсэн. Уг дундын хувилбарыг хүлээж авахгүй хэмээн УИХ-ын дарга З. Энхболд ээлжит муур хулганаа эдүгээ тоглож байна.  2015 оны эхнээс унасан нүүрсний үнийн уналтын хэмжээ нь Монголын улстөрчдийн “муур хулганы” дэргэд хамаагүй ойлгомжтой, бодит шалтгаантай, таамаглах прогнозтой үйл явц юм.

Нүүрсний үнийн ёроолд хүрэхээс наана зарлаж, шалгаруулж чадсан олон улсын тендерийг үнс болгох сонирхол нь Монголын төрийн ордон дахь мөнгөний тэмцэл, УИХ хэмээх бизнесийн тод тусгал юм. УИХ-ын танхимд ганц олигтой хуулийн төсөл оруулж үзээгүй гишүүд энэхүү мөнгөний тэмцэлд оройлж байгааг та төвөггүй хараарай.



Л. Болормаа