Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Монголын цөмийн ирээдүй” ном хэвлэгдэв

Монголын нэртэй дипломатч Урианхан Жаргалсайханы хүү Энхсайханыг гадаад харилцааны салбарт мэдэхгүй хүн үгүй. Ж. Энхсайханы “Монголын цөмийн ирээдүй” ном уншигчдын гарт дөнгөж хүрээд байгаа бөгөөд шинэхэн бүтээлийн үнэ цэнг өгүүлэхийн наана зайлшгүй дурдах эрхэм оршил байна.

Тусгаар Монгол улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх  үүрэгт хүчин зүтгэсэн Жаргалсайхан гуайн дипломат үйл ажиллагааны замнал манай улсын гадаад харилцаанд хамгийн тод, ууган мөрөө үлдээсэн байдаг.

Тэгвэл түүний хүү Ж. Энхсайхан мөн л НҮБ-ын дэргэд улсаа төлөөлсөн Байнгын төлөөлөгчөөр цөөнгүй жил үр бүтээлтэй ажилласан билээ. Түүний чармайлтын үр дүнд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Монгол улсад онцгойлон дэмжлэг үзүүлж, “зуд” хэмээх нэр томъёог НҮБ-ын тогтоолын төсөлд анх удаа оруулж байв. Манай эх оронд тэрбээр хоёрантаа морилон саатаж, Монголын хөгжлийн амаргүй өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ж. Энхсайханы дипломат үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн статустай салшгүй холбоотой. Энэхүү онцгой статусаа цөмийн зэвсэгтэй гүрнүүдээр хүрээлэгдсэн Монгол улс 1992 онд анх зарласан. Зарлаад орхих биш, статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий 5 орноор хүлээн зөвшөөрүүлэх, улс төрийн хувьд баталгаажуулах хүртэл урт бартаат замд дипломат арга ухаан гарган ажилласан хүн бол Элчин сайд Ж. Энхсайхан билээ. Эдүгээ хэвлэгдэн гарч буй шинэ номонд Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн онцгой статусын тухай өгүүлсэн төдийгүй ерөөс цөмийн аюул хүйтэн дайны үед хэрхэн бодитой нүүрлэж байсныг баримтаар өгүүлсэн нь нэн сонирхолтой. 1962 оны Карибын булангийн хямрал, Ирак, Ираны асуудал, Сири, БНАСАУ-ын эргэн тойронд өрнөж буй олон улсын улс төрийн олон сонирхолтой сэдвийн хөшгийг нээсэн баримт нийтлэгджээ.  

“Олон улсын хяналтын системийн ажиллагаа, бэлэн байдал нь 2013 оны 2 сарын 12-нд БНАСАУ цөмийн зэвсгийнхээ 3 дахь туршилтыг хийхэд тодорхой харагдсан. Туршилтыг Олон улсын хяналтын системийн чичирхийллийн 94 станц болон нил авианы 2 станц мэдэрч, мэдээллээ ЦЗТБХГ-ний Олон улсын мэдээллийн төвд шууд дамжуулсан байдаг. Тэрхүү механизмын ачаар гишүүн орнууд цөмийн зэвсгээ туршсан тухайгаа БНАСАУ албан ёсоор мэдэгдэхээс 1 цагийн өмнө мэдээллийг авсан байв” хэмээн орчин үед олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлуудын талаар дурдсан бол,
“Нутагтаа цөмийн зэвсэггүй, мөн атомын цахилгаан станц, цөмийн ганц ч реакторгүй улсуудад ч цацраг идэвхит аюул тохиолдохыг үгүйсгэх аргагүйг энэхүү номонд харуулахыг хичээв” хэмээн зохиогч номын эхэнд дурдаад хүйтэн дайны үед Монгол оронд цөмийн аюул хэрхэн тун ойроос заналхийлж ирснийг,
“Зөвлөлт-Хятадын харилцаа үл итгэх, дайсагнасан  шинж чанартай болж эхлэх үед 1966 онд Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан найрамдлын гэрээний дагуу ЗХУ 1967 онд өөрийн зарим цэрэг, зэвсэг техникийг Монголд оруулж байрлуулсан. Чингэхдээ Хятадын цөмийн зэвсгийн холбогдолтой ажиллагааг Монголын нутгаас тагнаж байх зорилгоор Улаанбаатарын ойролцоо Богд ууланд “Синега“ хэмээх чичирхийллийн тусгай станц (36 барилга байгууламж бүхий цэргийн 20 дугаар хотхон) байрлуулж  Хятадын Лоб Нор дахь цөмийн туршилтад хяналт тавьж байв. Мөн Монголын урд хилийн орчим “Горизонт” экспедиц хэмээх Хятадын  Цзюцюанийн пуужингийн полигоны цөмийн цэнэгтэй болон дунд тусгалын баллистик пуужингийн туршилтыг радиотехникийн аргаар тагнаж байв. Хэрэв ЗХУ, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах байсан бол Монгол улс нэг талын нь холбоотны хувьд түүнд татагдан орох байсан нь 1970-аад оны үеэс ЗХУ, Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулиудын зорилго, зорилтоос ч тодорхой байв” гэж бичжээ.

Орчин үед ч бодит аюул нүүрлэсэн хэвээр байгаа талаар,
“Манай хоёр хөрш цөмийн түргэн реактороор ЦАТ-ийг дахин дахин ашиглах бодолтой байгаа ч цөмийн нэн аюултай элементүүд нь ашигласан түлшинд үлдсээр байгаа. Тиймээс ч аль аль нь цөмийн шаар хаягдлыг геологийн тохиромжтой газрын гүнд булах газар хайж байгаа. Оросын эрдэмтдийн үзэж байгаагаар нэг тохиромжтой газар нь Красноярскийн хавьд байгаа ажээ. Зарим нь Ангарск, Краснокаменскийг ч дурддаг. Хятад улс ЦАТ-ээ одоогоор 25 газар түр байрлуулж байгаа бөгөөд манайтай хил залгаа Ганьсу мужид ЦАТ булшлах байгууламж байгуулж байгаа мэдээ байдаг. Мөн саявтархан Францын Ареватай хамтран тэр мужийн Жинта хошуунд 800 тонн ЦАТ-ийг дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа тухай мэдээ хэвлэлд гарч байсан.  

Дээрх бүхнээс үзвэл манай улсын хил залгаа бүсэд ЦАТ-ийг оролцуулан цөмийн аюултай материал байрлуулахгүй гэх газаргүй юм. Хэдийгээр чингэх нь хөрш орнуудын бүрэн эрхийн асуудал боловч хил залгаа орныхоо хувьд манай улс энэ асуудлаар тэдэнтэй байнга зөвлөлдөж мэдээлэл авч байх өндөр түвшний (тухайлбал ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хэмжээний) механизмтай болох хэрэгтэй юм” хэмээн болгоомжлуулсан нь нэн чухал.

Олон улсын харилцаанд сүүлийн үед шинэ хандлага гарч, хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн хөөцөлдөөн дахин идэвхжих магадлалтай болсон. Энэ шинэ цаг үед манай хөршүүдийн бодлого байр суурь, цөмийн аливаа асуудлаас ангид байх гэсэн манай улсын өөрийгөө хамгаалах бодлогын тухай дипломатч Ж. Энхсайхан чухал саналуудыг “Монголын цөмийн ирээдүй” номондоо шигтэгжээ. Гадаад харилцааны салбарынхан төдийгүй УИХ, ҮАБЗ-ийн гишүүд анхааран үзүүштэй бүтээл болсныг дахин онцолъё.

Л. Болормаа

  • Зочин (150.129.142.25)
    Сайн байна уу Энэ номыг авмаар байна Хаанаас авах вэ
    2016 оны 07 сарын 12 | Хариулах