Н.Ариунтуяа
Сэтгүүлзүй хөгжлийн төлөө“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” Баянхонгор аймгийг зориод ирлээ. Явахаасаа өмнө “Хонгор нутгийн өв соёл” номыг яаруухан эргүүлэв. 1941 онд байгуулагдсан. 82 мянган хүнтэй. “Хүрэн морины” хэмээн алдаршсан Ч.Лхамсүрэн гуайгаас эхлээд П.Пүрэвсүрэн, Т.Галсан, С.Дулам нарын нэртэй зохиолчид, Монголын утга соёлын ертөнцийн хоёр их Лувсанванданг төрүүлсэн. Бас Ламын гэгээний өлгий нутаг. Түүх соёлын гайхамшигт дурсгалуудаараа алдартай, үлэг гүрвэлийн олон нууцыг хэвлийдээ хадгалсан газар. Боломж таарвал алдарт Бурхант хавцлыг нэг харчих юмсан гэх бодлууд тээсээр шүлэг найрагт “Хонгор нутаг” хэмээн дуурссан аймгийг зорив.
Сэтгүүлч Г.Идэрхангай маань энэ нутгийнх. Аав нь хүүхдийн зохиолч Бумангийн Гонгор. Хүний ертөнцөд богинохон амьдраад буцсан ч хүүхдийн гэгээн ертөнцөд олон сайхан шүлэг найраг үлдээсэн Б.Гонгор зохиолч баялаг намтар туулжээ. Хатуу хөтүү бага нас, нутаг орондоо шинэ цагийн дуу хоолой байж, хүүхдийн эрхийн төлөө ихийг хийх бодол хүслээр оргилж явсан сэхээрэлт хүмүүний тухай хүүгийнх нь сонирхолтой ярианд бүүвэйлэгдсээр Баянхонгорт ирлээ.
Хэдэн жилийн өмнө дайраад өнгөрөхөд Баянхонгор хот уйтгартай сааралдуу санагдаж билээ. Харин одоо өнгөлөг цэмцгэр суурин угтав. Улаанбаатарт хүлээж ядсан зөөлөн цагаан бороо өнжин хонон хэд хоног зүсэрснээс тэр үү, агаар цэвэрхэн, барилга байшин тод цэвэрхэн хот юм. Бидний сэтгүүлчид баруун бүсийн хэвлэл мэдээллийнхэнтэй Баянхонгорт уулзахаар товлоод зорьсон газраа ирсэн нь энэ.
Сэтгүүлзүйн мэргэжлийн стандартыг өргөх, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн сурвалжлагчдыг хөгжүүлж, мэргэшүүлэх гэсэн Mongolian Mining Journal-ын сэтгүүлчдийн тэмүүлэл “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”-г төрүүлсэн юм. Уул уурхай, эдийн засгийн асуудлаар хамгийн их ярьж, бичиж, бас маргаж байгаа өнөө цагт MMJ-ийн сэтгүүлчдэд салбарыг ойлгох, шинэ шинэ мэдлэг, ойлголтыг танин мэдэх, тэр хэрээр олон нийтэд зөв мэдээлэл түгээх шаардлага өдөр бүр тулгардаг. MMJ-ийнхэн сэтгүүлзүйн өргөн фронтод мөр зэрэгцэн зүтгэж яваа үзэг нэгтнүүдтэйгээ хамтдаа сурах, хөгжихийн тулд “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”-г 2010 онд байгуулсан билээ.
Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголт төлөвшүүлэх сургалтыг мэргэжилтнүүдтэй хамтран цөөн бус удаа зохион байгуулжээ. Хөрөнгийн зах зээлийг сурвалжлан бичих, хувьцааны мэдээлэл бэлтгэх, санхүүгийн үзүүлэлтийг “унших”, сурвалжлага нийтлэлдээ хэрхэн ашиглах, шинжээчдийн анализыг ухаж ойлгох гээд сэтгүүлчдэд тулгамддаг асуудлаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг цагийг нь олж хүргэсээр ирсэндээ баяртай байдаг. Энэ туршлагадаа үндэслэн арвантаван онд орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэгт дусал ч болов ойлголт нэмэхийг зорьсон юм.
Сэтгүүл зүйн салбарынхандаа шинэ эрч хүч, мэдлэг, мэдээлэл хүргэх гэсэн эрмэлзлийг маань Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр дэмжин санхүүжүүлж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба зохих туслалцаа үзүүлж буйд талархлаа илэрхийлье. Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулж, сэтгүүлчдийг чадавхжуулах төслөө бид тавдугаар сард Хойд бүсээс эхлүүлсэн. Баруун бүсийн сургалт Баянхонгорт зохиогдсоны дараа Өмнөд бүсийн хэвлэл мэдээллийн редакциудын төлөөллийг хамруулсан сургалт Мандалговьд болно. Дараа нь 11 дүгээр сард Улаанбаатар хотод бүсийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээ оролцуулан нэгдсэн арга хэмжээ зохиож, үр дүнгээ ярилцах тухай MMJ-ийн уншигчид өмнөх дугаараас уншсан байх. Сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжснээр, олж авсан мэдлэг, ойлголтынх нь цаана орон нутгийн иргэд бодит мэдээлэл хүлээж авах ач тусыг “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”, төслийг дэмжигч байгууллагууд аль аль нь хүлээж байгаа.
Уул уурхай сурвалжлахад сэтгүүлчдэд юу тохиолддог вэ? Бидний урилгаар алс Баян-Өлгий, Ховдын цэнхэр хязгаар, өмнийн шаргал Говь-Алтай, өврийн сайхан Өвөрхангай, говь хангай хосолсон Баянхонгор 5 аймгаас 27 сэтгүүлч зорин иржээ. “Өнөөгийн Баянхонгор” сэтгүүлийн эрхлэгч П.Санаадагва, “Хонгор” телевизийн захирал Т.Данаасүрэн нарын хичээл, зүтгэлээр Шаргалжуутын голын хөвөө түшсэн “Өгөөж Булган” хэмээх тохилог жуулчны баазад Баруун бүсийн сэтгүүлчдийн сургалт эхлэв.
Сургалтын цагт ОҮИТБС-ын тайланг хэрхэн зөв “унших”, яаж ойлгомжтой мэдээлэх, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн тайланг энгийн болгож мэдээлсэн туршлага, Баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, өнөөгийн нөхцөл, зах зээлийн төлөв, дэд бүтцийн асуудал, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, түүний өгөөж, нөхөн сэргээлт, улс, орон нутгийн төсөвт өгч буй татварын хэмжээ, иргэд ба компанийн ойлголцол, Баруун бүсийн алтны салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, зах зээлийн хандлага, төлөв, технологи, хэрэглээний талаарх мэдээлэл, Бичил уурхай тойрсон асуудлууд зэрэг өргөн хүрээтэй сэдвээр MMJ-ийн сэтгүүлч Н.Ариунтуяа, Г.Идэрхангай, Э.Оджаргал, Б.Төгсбилэгт нар илтгэсэн. Мөн Хөгжлийн сэтгүүл зүйн хандлагыг сонирхуулж, уул уурхайг сурвалжлах MMJ-ийн арга зүй, туршлагаас хуваалцан анхаарах зүйлс, аргазүйн зөвлөгөөг ч багтаахыг хичээсэн юм. Сургалтын арын албаны нүсэр ажлыг менежер Г.Энхсайхан амжуулж, зураглаач М.Энх-Амгалан сэтгүүлчдийн мэдлэг туршлага солилцох үйл явцыг зураг, дүрсэнд хадгалан авч үлдэв.
“Баруун бүсийн орон нутгийн сүлжээ” сургалтад аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ХААН банкны захирал Б.Төмөрбаатар нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн сацуу сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулт өгснийг ард дэлгэрэнгүйгээр оруулав. Сургалтын дараа газар нутгаа танилцуулж, алдарт Шаргалжуутын рашааныг нүдээр үзэж, байгалийн сайханд нүд, сэтгэлээ баясгах завшааныг сэтгүүлчдэд олгосонд гүнээ талархъя.
Сэдэв бүрийн дараах хэлэлцүүлгээр орон нутгийн сэтгүүлчид орон нутаг дахь уул уурхайн салбарын бодит байдал, иргэд олон нийтийн ойлголт, хандлага хийгээд, уул уурхайг газар дээр нь сурвалжлах явцад тохиолддог асуудал бэрхшээлээ харилцан ярилцсан юм.
Баян-Өлгий аймаг дахь Олон нийтийн радио телевизийн сэтгүүлч
Н.Совет: Баян-Өлгий аймагт 4 телевиз, 1 сонин, 1 сэтгүүл тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн хэмжээнд олон нийтийн радио ажилладаг.
Орон нутагт лицензтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, маргаантай асуудал олон бий. Баян-Өлгий аймгийн ихэнх газар нутаг лицензтэй. Тэдгээрийн заримыг сайд, дарга нар нууцалдаг гэсэн яриа бий. Хятадуудад худалдсан лицензтэй газар ч байгаа гэдэг. Аймгийн засаг захиргаанаас лицензтэй газар нутгаа ашиглах шардлага тавихад хятадуудад ашиглах сонирхол байхгүй гэдэг. Лицензээ барьцаалан хөрөнгө босгодог арга, хандлага түгээмэл. Лицензийн хаалттай мэдээллүүд ОҮИТБС-ын тайлангаар нээлттэй болно гэдэг их чухал хэрэгтэй мэдээлэл юм. Учир нь орон нутагт өнөөдрийн байдлаар уул уурхайтай холбоотой тодорхой мэдээлэл байхгүй байна. Үнэн бодит мэдээллийг хаанаас, хэнээс авахаа ч сайн мэддэггүй. Манай аймагт ашиглагдаж байгаа лицензүүдийн талаар тодорхой мэдэх хүн байдаггүй. Өөрөөр хэлбэл ОҮИТБС манай аймагт сайн хэрэгжихгүй байгаа. Авсан, өгсөнөө орон нутагт тайлагнахгүй байна.
Манай аймагт “SS Mongolia” компани нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нь вольфрамын орд газарт нинжа нар ажиллаж байсан бол одоо “SS Mongolia” компани газраа хашаатай болгож, бүгдийг хамгаалалтдаа авсан. Мөн өнгөрсөн жил Ногооннуур суманд хар тугалгын уурхай ашиглалтад орсон. Тус компанийн хувьд тийм ч нийгмийн хариуцлагатай биш. Орон нутгийн ажиллагсдад цалин хөлсийг нь олгодоггүй. Одоогоор уурхайн ажил зогссонги байдалтай байна.
Өвөрхангай аймгийн “Хас” телевизийн сэтгүүлч Д.Алтанчимэг: Өвөрхангай аймагт “Соёмбо”, “Хас”, “Арвай хээр” болон ”Аm” гэсэн 4 телевиз тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Долоо хоног тутмын 2 сонинтой. “Өвөрхангайн өнгө” гэдэг сар тутмын 1 өнгөт сэтгүүлтэй. Хүүхдийн 1 сонин, радио тус тус ажиллаж байна.
Манай аймагт лиценз нь хэний нэр дээр байдаг нь мэдэгдэхгүй 1-2 уурхай бий. Тэдгээр уурхай бороо орохоор Орхон гол руу далангаа задалчихдаг. Үүнээс болж Орхон гол маш их бохирдож байна. Одоо ч тэр байдал хэвээрээ байгаа. Бат-Өлзий сумын Зүүн Сөдөтийн уурхайд “Гацуурт” компани олборлолт явуулаад, 2014 онд улсдаа үлгэр жишээ болохуйц сайн нөхөн сэргээлт хийсэн. Харамсалтай нь 2015 оноос нөхөн сэргээлт хийсэн газар руу Бат-Өлзий сумын иргэд буюу нинжа нар дайрч ороод алтыг нь ухаад, газар нутгийг сүйтгэчихсэн. Бат-Өлзий сумын иргэдийн хувьд гэрийн модны үйлдвэрлэл дээр амьдрал ахуй нь тогтдог. Гэрийн модны үнэ ханш нэмэгдээд, иргэдийн мод огтлохыг хуулиар хориглоод ирэхээр амьжиргааны эх үүсвэргүй болсон иргэд нинжа болж, цагдаад ч хүчрэгдэхээ болиод байгаа.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Батпүрэв: “Монголросцветмет” компанийн Баянхонгор аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах газар нь Түйн голын сав нутаг. Энэ ай сав газрыг хамаагүй ухуулах юм бол ирээдүйд аюултай нөхцөл үүсч болзошгүй. Түйн голын ай сав нь говь руу урсдаг нэлээд олон голыг тэтгэдэг чухал ач холбогдолтой газар. Тиймээс орон нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж байгаа. Иргэдийн эсэргүүцлийн тухай мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан.
“Ховдын толь” сонин, Ховд аймгийн Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул: Ховд аймгийн Халзан бүргэдтэйн ордыг судалгааны шатанд ашиглахаар яригдаж байгааг орон нутгийн удирдлагууд дэмжихээр болсон. Уг асуудлыг “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнх багагүй судалж, цувралаар хэд хэдэн нийтлэл, сурвалжлага бичсэн юм. Ингэхдээ “Монголд цацраг идэвхт бодисыг судалгаанд ашиглах стандарт байхгүй төдийгүй байгаль орчинд ээлтэйгээр ашиглах технологи дэлхийд ч хөгжөөгүй байна” хэмээн эсэргүүцсэн. Үүний улмаас манай эрхлэгчийг орон нутгийн удирдлагууд өрөөндөө цохиж зодсон тохиолдол ч гарсан. Гэсэн сэтгүүлч энэ бүхнийг даван туулаад, уурхайг ашиглах асуудлыг намжааж чадсан.
Мөн Ховд аймагт “МоЭнКо” компани Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа. Орон нутагт 1 тонн тутамд 1 ам.доллар өгдөг байснаа больсон. Татвар нь улсын төсөв рүү явдаг. Тус компани тээвэрчдийнхээ тээврийн хөлсийг өгч чадахгүй 5-6 сар болж байна. Алтайн нурууг давж ордог Барлагийн хөндийн зам их осолтой. Өвлийн цагт тээвэрлэлт хийх боломжгүй. 2-3 машин осолдсоноос шалтгаалан тээвэрлэлтийг зогсоосон. Аймаг орон нутгаас тус компанитай гэрээ байгуулахдаа аймгийн эдийн засаг хүнд байгаа учир яах ч аргагүй дэмжсэн. Гэхдээ Гэрээ их сул хийгдсэн санагддаг. Энэ уурхай орон нутагт үр өгөөжөө өгч чадахгүй байгаа. “МоЭнКо” компани Хөшөөтийн уурхайг хагас дутуу зэрэмдэглэж хаяад одоо дахиад Олон булгийн уурхайг ашиглах асуудал яригдаж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн аймаг, орон нутгийн удирдлагуудад хандаж, энэ асуудлыг тодруулах гэхэд компанийг хайцаалаад тэр үү мэдээлэл өгдөгггүй. Татварын байгууллага ч мэдээлэл өгөхөөс цааргалдаг. Ер нь орон нутагт мэдээлэл их хаалттай байдаг.
Ховд аймгийн “Жаргалант” телевизийн сэтгүүлч С.Жавзандулам: Ховдчуудын хувьд Хөшөөтийн уурхайн асуудал олон жил бүрхэг, мэдээлэл муутай явсаар ирсэн. Аймаг, орон нутгийн удирдлагууд уурхайн удирдлагуудтай гэрээ хэлэлцээр байгуулж, тэр талаар орон нутгийн хэвлэл мэдээллийнхнийг дуудаж мэдээлэл өгсөн. Гэвч дараа дараагийн удаад мэдээлэл авах гэхээр нэг нэг рүүгээ “чихээд” тодорхой юм хэлдэггүй. Гэрээний зүйл заалт огт хэрэгждэггүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компанийг түшиглэн нутгийн иргэдээ ажлын байртай болгох, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилтыг гэрээнд тусгасан. Гэвч Хөшөөтийн уурхайг хариуцаж байгаа компани ажлын бээлий, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, тэр бүү хэл сүүгээ хүртэл Улаанбаатараас татдаг. Манай аймагт цэвэр ус үйлдвэрлэж байна. Сүү цагаан идээг худалдан авах бүрэн боломжтой. Ганц энэ жишээнээс харахад л орон нутагт шингэж үлдэх зүйл юу ч байхгүй. Энэ талаар сэтгүүлчид мэдээлэл авах гэхэд хаалттай. Хөшөөтийн уурхайн хэвлэлийн төлөөлөгч гэж хүн орон нутагт суудаг. Дээшээ дарга, удирдлагуудаасаа зөвшөөрөл авна гэчихээд ямар ч мэдээлэл өгдөггүй. Аймгийн удирдлагууд болохоор бүх зүйл гэрээний дагуу явагдаж байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Гэвч иргэд гэрээ огтхон ч хэрэгжихгүй байна гэж гомдоллодог. Манай аймгийн тээвэрчид нэгдэн компани байгуулж, Хөшөөтийн уурхайтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч Хятадын тал жилээс жилд тээврийн хөлсөө бууруулсаар ирсэн. 1 км тутамд 200 төгрөгийн хөлсөөр явах тохиолдолд гэрээ байгуулна гэдэг. Тээвэрчид ажилгүй болохоос эмээж, нэг нэгнээсээ өрсөн, амласан бага хөлсөөр нь тээвэрлэж, улмаар хоорондоо зөрчилдөх асуудал үүсч байна. Уул уурхай газар дээрээ ийм л байдалтай байдаг болохоор орон нутгийн иргэдэд ямар ч нэр хүндгүй байгаа.
Сэтгүүлчид уул уурхайн нөхцөл байдал орон нутагт ямар байгааг ийн ярьж байна. Юутай ч сургалтын дараа, уул уурхайн компаниуд болоод төрийн байгууллагатай хэрхэн харьцах талаар тодорхой арга зүй, тактик сурлаа. Асуух асуулттай боллоо. Хэнд хандаж, юуг асуух ёстойг, компаниас нийгмийн хариуцлагыг нэхэж, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулахыг шаардаж чадах боллоо гэсэн үгсийг цөөнгүй сэтгүүлчээс сонссон нь сургалтаас бидний хүлээж буй үр дүн билээ.
Орон нутгийн сэтгүүлзүй ба завгүй сэтгүүлч “Намайг Янжмаа гэдэг. “Баянхонгор таймс” сонинд ажилладаг. Сэтгүүлч, редактор, эх бэлтгэгч, менежерийн ажилтай”. Сургалтын эхэнд сэтгүүлчид өөрсдийгөө танилцуулах үеэр шавилхан биетэй сэргэлэн бүсгүй ийн танилцуулав.
Төвийн сонинд магадгүй таваас зургаан хүний хийх ажлыг ганц сурвалжлагч нуруундаа үүрэх нь орон нутгийн онцлог. Цаашлаад байгууллагаа удирдах, санхүүгээ хариуцах гээд хэчнээн ч ажил, үүрэг нэмэгдэж мэднэ. Түүн шиг орон нутгийн телевизийн сэтгүүлч камераа үүрэн мэдээнд явж, ирээд эвлүүлэгч, найруулагч болж, үзэгчдэд хүргэхдээ нэвтрүүлэгч, хөтлөгчийн дүрд хувирна. Хүн хүч, хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалан сэтгүүлч тал бүрийн чадвар эзэмшиж, олон давхар ажил үүрэг гүйцэтгэх болдог.
Орон нутгийн сэтгүүлч дандаа завгүй. Сургалтад оролцох сэтгүүлчдээ бүртгэхдээ манай багийнхан үүнийг нэвт ойлгосон билээ. Сарын өмнө хойд бүсэд сургалт зохион байгуулсан туршлага бидэнд бий. Гэвч Эрдэнэт, Дархан хот, Сэлэнгэ, Төв аймгийн хэвлэл мэдээллийнхэн харьцангуй хүн хүчний бололцоотой аж. Наадмын натур, шууд дамжуулах үйл ажиллагаанд хүч хүрэлцэхгүйн улмаас Завхан, Увс аймгийн сэтгүүлчид Баруун бүсийн сургалтад ирж чадаагүй.
“Орлоод ажиллах хүнгүй болохоор амарч үзээгүй явна. Орон нутгийн сэтгүүлч хүсэл сонирхолдоо автаж ажилласаар ар гэрийнхээ амьдралыг хаячихдаг. Би гэхэд эмэгтэй хүн мөртлөө дэлгүүрээр орж, нэг удаа хүнсний зүйлээ цуглуулж үзээгүй. Баяр ёслолоор гэртээ байж үзсэнгүй” хэмээн 2012 онд Хэнтий аймгийн “Санбүрд” телевизийн сурвалжлагч Б.Батцэцэг ярьж билээ. Гэвч гурван жилийн дараа орон нутагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсэн ч сэтгүүлчийн ажил үүрэгт өөрчлөлт орсонгүй.
Баруун бүсийн мэдээллийн орон зайд ажиллаж буй сэтгүүлчдэдээ шинэ мэдлэг, мэдээлэл дуулгахын ялдамд Баянхонгор аймаг дахь хэвлэлийн редакциудтай танилцаж, онцлогийг мэдэрсэн нь бидэнд сайн туршлага болсон. Орон нутгийнхан мэргэжлийн сургалтад хамрагдах, туршлага солилцох сонирхол ихтэй. Гэвч мөнөөх л хүн хүчний боломж нөхцөлөөс эхлээд зардал мөнгөний асуудал, хол замд зарцуулах цаг хугацаа гээд багагүй бэрхшээл тосно. 1100 км-ийн тэртээх Баян-Өлгийгөөс Н.Совет, У.Хуат, О.Жанерке нар хоёр өдөр, хоёр шөнийг замд туулан сургалтыг зорьж ирсэн. Туулах замын хол, зарцуулсан цаг хугацааг нь бодохоор хэтэрхий ядрааж, сургалтад урьсандаа санаа зовсон билээ.
Баянхонгор аймгийн хэмжээнд 3 телевиз, 2 сонин, 2 сэтгүүл, нийтдээ 7 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг. Сургалтын дараа бид дөрвийнх нь үйл ажиллагаатай танилцсан. Хотоос очсон бидэнд орон нутгийн телевиз, хэвлэлийн редакцийн дүр төрх ямар онцлогтой байх нь сонирхолтой байсан бол орон нутгаас ирсэн сэтгүүлчдэд хөтөлбөр, үнэ тарифаас эхлээд техник хэрэгсэл гээд харьцуулж харах, санаа оноо авах зүйл цөөнгүй.
“Өнөөгийн Баянхонгор” сонины редакцийн хаалгаар ормогц хоймрын хананд товойлгон тогтоосон “Сэтгүүлчийн үгээр ертөнцийг танимой” Бямбын Ринчен гэсэн үг нүдэнд тусав. Цомхон боловч сонин хэвлэлийн газар гэдгийг бүхий л хогшил сэлт нь илтгэх нүдэнд дулаахан редакц байна. Кабелийн телевизүүд зөвхөн аймгийн төвийн хэмжээнд цацалттай учраас хөдөө орон нутагт сум, баг руу сонин л орон нутгийн мэдээллийг хүргэнэ. Аймгийнхаа бүх сум, багийн хэмжээнд манай сонин хүрдэг гэж хэлэхдээ П.Санаадагва эрхлэгч сэтгэл ихэд хангалуун харагдав. Гэвч аймгийн төвөөс сум, сумаас баг, багаас малчны гар дээр захиалсан хэвлэл нь хүрэх дэд бүтэц Монгол даяар сул байгаа. Мэдээллийн хурд агшин, хормоор хэмжигдэж буй цагт хөдөө нутагт сонин хэвлэл найдвартай хүргэх түгээлтийн систем боловсронгуй болох цаг хэзээ юм бүү мэд. Улаанбаатарт, эсвэл өөр аймаг, нутагт байгаа Баяхонгорын уугуул иргэн орон нутгийнхаа мэдээллийг авахын тулд “Өнөөгийн Баянхонгор” ч юмуу сониныг захиалж унших боломж хараахан бүрдээгүй байна. Тийм эрэлтэд сониноо хүргэж чадахгүйдээ П.Санаадагва гуай сэтгэл дундуур байгаа.
Орон нутгийн бяцхан сонинд түрээсийн төлбөр, хэвлэлтийн үнэ хамгийн том зардал болно. Баянхонгор аймагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аймгийнхаа захиргааны байранд байрлаж байсан үе бий. Ашиг сонирхлын зөрчилд орохгүйн үүднээс төр захиргааны байгууллагын байрнаас гарснаас хойш гайгүй түрээстэй газар олтлоо цөөнгүй нүүдэллэжээ. Биднийг редакц дээр нь очиход Д.Батдамба эрхлэгчтэй “Баянхонгор таймс“ сонин шинэ өрөөндөө төвхнөж хараахан амжаагүй байв. “Баянхонгор”, “Хонгор” телевиз, “Өнөөгийн Баянхонгор”, “Баянхонгор таймс” сониноос “Хонгор” телевиз л өөрийн гэсэн байртай. Түрээсийн төлбөрт орон нутгийнхан сардаа 250 мянгаас 800 мянган төгрөг төлнө. Хөл дээрээ тогтож амжаагүй хэвлэлийн редакциудад энэ нь түүртэхээр зардал. Дээрээс нь мэдээж бүгдэд хүн хүч дутагдалтай. Цалин мөнгө багатай болохоор мэргэжилтэй боловсон хүчнийг орон нутагт торгооход бэрх. Гайгүй шиг хүүхэд сургаж, овоо санаанд нийцээд байтал хот руу яваад өгдөг хэмээн П.Санаадагва эрхлэгч хэлсэн. Баруун бүсийн аймгуудад сэтгүүлчдийн цалин ерөнхийдөө 300-500 мянгын хооронд хэлбэлзэдэг байна.
“Хонгор”, “Баянхонгор” телевизүүд ч ялгаагүй цомхон юм. Студийнхээ бүхий л хана, булан бүрийг ашиглан мэдээний студи, голлох нэвтрүүлгүүдийнхээ тайзыг засчээ. Хямд төсөр, зардал бага шингээсэн эдгээр студиэс орон нутгийн иргэдэд хамгийн ойр, нутаг орных нь тухай, танил хүмүүсийнх нь тухай мэдээлэл хүрдэг. Телевизүүд бүгдээрээ дэргэдээ FM радиотай.
Орон нутгийн хэвлэлд ажиллах нэг талаараа сонирхолтой юм. Яагаад гэвэл жижиг хотод сэтгүүлч хийсэн ажлынхаа үр дүнг шууд харж чадна. Иргэд аймгийнхаа телевизийн “Мэдээллийн хөтөлбөр”, зарын цагийг хамгийн сайн үзнэ, орон нутгийн сонинд жижиг зураг гарч, нэр дурдагдсан ч авч хадгална. Бүгд бие биенээ таньдаг болохоор тэр юу гэж хэлж вэ, түүнийг юу гэж вэ гэж харах дуртай. Нөгөө талаар таних мэдэх бүх хүн, ах дүүс, найз нөхөд нь нэг дор амьдардаг нөхцөлд саар мэдээ гарвал бүгд уншина, үзнэ, ярина. Тиймээс нутаг орондоо ахин дахин шүүмжлүүлж, чихээ халууцуулаад байхгүйг хэн ч хичээж таарна. Тэр талаараа нөлөөлөх чадвар илүү байдаг нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том давуу тал юм.
Гэвч түүнийгээ дагаад шүүмжлэлт мэдээлэлд эмзэг, хүндээр тусгаж авдаг. Мэдээлэл гарангуут намайг орон нутагт ингээд мэдээлчихээр ажилгүй, амьдралгүй болох нь, би “шоконд орчихоод байна” гээд утастана. Үнэхээр ч иймэрхүү зүйл дээр наадах цаадахыг бодохгүй бол болдоггүй бололтой. Жижиг газарт шүүмжлэлтэй мэдээлэл цацагдахаар тухайн хүний ажил, амьдрал юу болох билээ, санхүүжилт авдаг дарга нараа муулаад биччихвэл дараа нь яах билээ гээд орон нутгийн сэтгүүлчид бодох асуудал бий. Тиймээс шүүмжлэлт гэхээсээ үйл явдлын мэдээ хүргэхийг голчилно. Асуудал гарвал тийм байна, тэгвэл яасан юм гэх байдлаар сөхөөд орхино уу гэхээс айхтар ухаж төнхөөд байдаггүй.
Хөдөөгийн жижиг зах зээлд олон телевиз, сонин зэрэгцэн орших амаргүй. Нэг аймгийн зах зээлд 8-9 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигтай ажиллах бололцоо үгүй. Гол төлөв аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гол санхүүжилтээ авна. Тэр нь аймаг бүрт харилцан адилгүй ч 10-30 сая төгрөгт хэлбэлзэх аж. Түүнийг 8-9 редакц хуваана гээд бодохоор ямархуу тоо гарах билээ. Дээр нь санхүүжилтэд дарамт ирж магад гэх болгоомжлолоос үүдэн элдэв шүүмжлэлээс зайлсхийхийг хичээнэ. Хамтран ажиллах гэрээ байгуулсан газруудаа ч бас сөрөөд байж болохгүй. Шүүмжилчихвэл бусдадаа эднийхтэй битгий гэрээ хийгээрэй гэчихэд л санхүүжилт унахаар эгзэгтэй.
Иймэрхүү асуудал бэрхшээл орон нутгийн хэвлэл мэдээлэлд нийтлэг. Хөрөнгө санхүү, хүн хүчний бэрхшээлээс гадна хэвлэлийн редакц, сэтгүүлчид өдөр бүр шахам ирдэг эмзэг нэг асуудал байна. Тэр нь орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагч байнга шахам шүүхэд дуудагддаг явдал. Нэр төрд халдсан гэх асуудлаар шүүхэд дуудагдаагүй сэтгүүлч орон нутагт ховор. Тэр бүхэнд сэтгүүлч буруутах нь элбэг. Бидний сургалтын үеэр “Хонгор” телевизийн захирал Т.Данаасүрэнд шүүхээс зарлан ирсэн юм. Бас л нэр төрд халдсан хэргээр. Буруугүйгээ нотлох гэхээр эх сурвалжаа илчилж боломгүй. Мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах шаардлагатай үед сэтгүүлч мухардах нь олон. Нийгмийн түүхийг бичдэг тэд өөрсдийнхөө төлөө явахдаа хойрго. Бусдын зовлонг бичихдээ, өмгөөлж хамгаалахдаа бүхнээс чанга дуугарч чаддаг мөртлөө өөрсдийнхөө төлөө чанга битгий хэл дуугарч байсангүй.
Гэхдээ хотод ч, хөдөөд ч ялгаагүй, сэтгүүлчийн ажил адилхан жаргал зовлонтой, нийтлэг шинжтэй тулгамддаг асуудлуудтай. Тэнцвэр алдан дайвалзах үе зөндөө ч сэтгүүлч сурвалжлан бичих ажлаасаа хэзээ ч хойш сууж байсангүй. Өрхийн төсөвтөө олигтой нэмэр болдоггүй ч өглөөнөөс үдшийн бүрий хүртэл дурласан ажилдаа амсхийх завгүй шогшдог орон нутгийн сэтгүүлчид сурах эрмэлзэл дүүрэн, ажиллах зориг хүсэл төгс байна.
Тэр эрмэлзэл, хүсэл зоригоос ул суурьтай сэтгүүлзүйн бүтээлүүд гараасай. Тэр бүтээлүүд орон нутгийн иргэдэд нийгэм, цаг үеийн минь хамгийн үнэн зөв, бодит мэдээллийг хүргэдэг байгаасай. Тэр бүгдийн үр дүнд зөв хандлага төлөвшин тогтоосой, үр өгөөжөө өгөөсэй гэж “Хөгжлийн төлөө Сэтгүүлзүй” хүсч байна.