Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ үргэлжлэн буурсаар 5000 долларт хүрэв

Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна. Өчигдөр тус бирж дээр зэсийн шууд худалдааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 100 ам.доллараар буурч 5000 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн доод үнэ байлаа. Харин зэсийн гурван сарын гэрээт үнэ 5005 ам.долларт хүрч хаагджээ.

Зэсийн үнэ ийнхүү буурч буй нь аж үйлдвэрийн энэхүү гол металын эрэлт хэрэгцээ Хятад улсад буурч болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаатай холбоотой юм. Тус улс нь дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Хятадын гадаад худалдаа оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 7%-иар буураад байгаагийн зэрэгцээ тус улсын гол гол хувьцааны үзүүлэлт буурсаар байгаа нь голлох хүчин зүйл болж байна. Хятадын эдийн засгийг сайжруулах олон алхмыг тус улс авч хэрэгжүүлж буй ч дорвитой нөлөө үзүүлэхгүй болов уу хэмээн олонх шинжээч таамаглаж буй.

Зэсийн хувьд зах зээлд нүүрс, төмрийн хүдрийг бодвол илүү найдвартай “тоглогч” болно гэж үздэг ч энэ удаад үргэлжлэн буурсаар 5000 ам.долларт хүрч буй нь зэс үйлдвэрлэгчдийн найдварын галыг унтраасан хэрэг болж байна. Манай улсын хувьд зэсийн үнийг төсөвт 6354 ам.доллар байна гэж тусгасан билээ.

Зэсийн үнэ цаашдаа өсөх магадлал бий эсэх нь тун эргэлзээтэй болж байна. Учир нь Хятадын нүсэр том эдийн засгийн өсөлтийн сааралт улам бүр илүү мэдэгдэхүйц болж буйн нөлөө нь тэр хэрээрээ огцом савлагааг зах зээлд үүсгэж эхэллээ.  


Б.Төгс