Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг иргэдэд ойртуулсан хоёр өдөр



Сурвалжилсан Г.Идэрхангай

“Хөрсөн доорх баялгаа хүний хөгжилд зарцуулъя” уриатай Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зургаадугаар сарын 5-нд эхэллээ. Тус сумын “Соёлын төв”-д Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын  /ОҮИТБС/ Ажлын албаныхан, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниуд, бичил уурхай эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, төр захиргааны байгууллагын удирдлагууд  гээд 60 гаруй төлөөлөгч хуран цуглаж, олборлох үйлдвэрлэлийн талаар ил тод, нээлттэй ярилцлаа.




Алс холоос Баянгол сумыг зорин ирсэн хамгийн хүндтэй зочид ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга, хатагтай Клэйр Шорт, Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал Ваутер Бистербос, Бүсийн захирал Алекс Горди нар байв. Мөн нийслэлээс Татварын Ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Сорьцын хяналтын алба, “Төлсөн авснаа нийтэл” эвсэл, Байгаль орчны иргэний зөвлөл гээд өргөн бүрэлдэхүүн Баянгол суманд хүрэлцэн очжээ. Тэд өмнөх өдөр нь Сэлэнгэ аймагтаа нийгмийн хариуцлагын  чиглэлээр үлгэр жишээ үйл ажиллагаа явуулдаг, өдгөө “Гацуурт төсөл”-өө хөдөлгөх гэж буй “Бороо гоулд” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцаад цааш хөдөлсөн юм.  

БАЯНГОЛ СУМАНД ХОЁРХОН КОМПАНИ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ БАЙНА

Хатагтай Клэйр Шорт өдөр­лөгийн нээлтэд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байд­лын санаачилгын ажлаар би  дэлхийн олон орноор явж,  нутгийн иргэдтэй уулз­сан. Энэ удаад Монголын орон нутгийнхантай санаа бодлоо солилцож, олборлох үйлдвэрлэлийн явц газар дээ­рээ ямар байгаатай танил­цахаар ирсэн юм” хэмээн онцлов.
Өдөрлөгийн эхэнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Д.Энхбат “2015 оны нэгдүгээр сарын байдлаар  манай суманд 34 аж ахуйн нэгж ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж байна. Үүнээс 23 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг” хэмээн товч танилцуулга хийлээ.

Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал B.Бистербос “ОҮИТБС-ыг хэрэгжүүлсэн анхны цөөн орны тоонд Монгол улс багтдаг. АНУ нэгдэхээс өмнө энэ санаачилгад нэгдсэн” гээд Филиппин улсын жишээг татсан юм. Тус улсын уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгохоос өмнө нутгийн иргэдэд бодитой мэдээлэл хүргэдэг бөгөөд тэдний зөвшөөрлийг эхэлж авдаг ажээ.

ОҮИТБС-ын Ажлын албаны дарга Ш.Цолмон “ОҮИТБС Монголд” илтгэлдээ “ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч 48 орон, шаардлага хангаад байгаа 32 орон байна. Үүнээс 37 улс нь ил тод байдлын тайлангаа гаргаж, нийт 1,5 их наяд долларын орлого төлбөрийг ил болгосон. Монгол улсын хувьд  нийслэл, 19 аймагт ОҮИТБС-ын Дэд зөвлөлтэй ч  Орхон, Дархан-Уул аймагт байгуулагдаагүй байна” хэмээн дурдлаа.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод “Тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх”  гэж тусгасан нь  орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн томоохон бодлого, чиглэл болсныг Ш.Цолмон онцолсон юм.

Үдээс өмнөх хуралдааны илтгэгчдийн нэг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд “Орон нутгийн цогц хөгжил, түншлэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлэн Сэлэнгэ, Баянхонгор, Увс, Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна” гээд GIZ нь ОҮИТБС-тай яагаад хамтарч ажиллах болсныг тайлбарласан юм.

Германы Засгийн газар “Их долоо”-гийн улсуудын санаачилгын хүрээнд Монголд олборлох үйлдвэрлэлийг дэмжин оролцож байгаа бөгөөд эхний ээлжинд Сэлэнгэ, Баянхонгор аймгийн орон нутгийн олборлох үйлдвэрлэлийн тайланг илүү нээлттэй, энгийн болгох зорилгоор The Mongolian Mining Journal сэтгүүлийн мэргэшсэн багтай хамтран ажиллаж, эхний гарын авлагаа иргэдэд хүргэж  байгааг дуулгалаа.

2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг “Орон нутгийн дэд зөвлөлүүдийн чадавхийг бэхжүүлж, иргэдэд ойртуулах ёстой”-г тодотгосон. Тэрээр “Тусгай зөвшөөрөл олгох үйл явц, өмчлөгчийн тухай мэдээлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг төсөл бүрээр тайлагнаж, төрийн өмчит компаниудын ил тод байдлыг хангах ёстой. Энэ чиглэлээр ТАН эвсэл ажиллаж байна” гэв.

Өдөрлөгийн үндсэн илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм. Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд “Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг компаниудаас зөвхөн “Шижир талст”, “Бороо гоулд” гэсэн хоёрхон компани л орон нутагтаа хандив өргөсөн гэж Засаг дарга сая  хэллээ. Бусад нь яасан юм бол?” хэмээн асуусан нь  хэлэлцүүлгийг  өдөөв.

Баянгол сумын Засаг дарга Д.Энхбат “Баянгол сумын 34 аж ахуйн нэгжээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа нь “Шижир талст”, “Бороо гоулд, “Сонор трэйд”  компани. Урт нэртэй хууль гарч ирснээс болоод хоёрхон компани олборлолт хийж байна. “Гоби эксплорейшн” гэж хайгуулын томоохон компани мөн л энэ хуулийн хязгаарлалтаас болоод сүүлийн 3 жилд үйл ажиллагаа нь нам зогссон” гэсэн хариулт өглөө.

“34 компани үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Заримыг нь сонсоо ч үгүй юм байна. Тухайн компани Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө гаргаж, Байгаль орчны яамаар батлуулж, дүгнэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс гаргадаг. Өнгөрсөн жил “Бороо гоулд” компаниас өөр компани дүгнэлтээ гаргаагүй” гэсэн мэдээллийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөл өглөө.

“Уул уурхайн  яам,  Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл тараах ажил л хийдэг. Өнөөдөр Баянгол суманд алтны 30 компани байхад хоёр нь л үйл ажиллагаа явуулж, сумтай харилцаж, сум орон нутгийн хөгжлийг дэмжиж байгаа нь иргэдэд мэдэгдэж байна. Орон нутаг уурхайтай болж, ажлын байр нэмэгдэж, амьдрал сайжрах ёстой. Гэтэл гар аргаар алт олборлогчдын тоо улам л өсч, орон нутгийн амьдрал дордож буй нь урвуу хамааралтай байна” хэмээн “Их баян шарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор Баянгол суманд болсон уулзалтын үеэр ширүүхэн шүүмжлэв.

ОҮИТБС-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрмаа “35 лицензийг 35 компани гэж яриад байх шиг байна. 24 компани 35 лицензтэй. Гэхдээ эдгээр компани лиценз эзэмшиж байгаа л бол ил тодын тайлан гаргах ёстой.  Сэлэнгэ аймагт есөн жил тайлан гаргаагүй компани ч бий” гэж залруулсан юм.

Ер нь “Ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшихийн тулд компани заавал тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөл авч, 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэвч тусгай зөвшөөрлийг олгохдоо ИТХ нь иргэдийнхээ саналыг тэр бүр авдаггүйгээр үл барам хэдхэн дарга нар байгаль орчны байцаагч нартайгаа нийлж сууж байгаад л зөвшөөрөл өгчихдөг”  гэж орон нутгийн иргэд хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.   

Хатагтай Клэйр Шорт Баянгол сумын олборлох үйлдвэрлэлийн өдөрлөгийн үр дүнд  сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, “Ард иргэд нь огт айж эмээхгүйгээр, шударгаар санал бодлоо илэрхийлдэг, төр засгийн зүгээс үүнийг нь хүлээн авч, хоорондоо хэлэлцэж ярилцдаг нь  таалагдлаа” хэмээсэн юм.




“Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ

Баянгол суманд болсон өдөрлөгт 60 гаруй хүн оролцсон бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохиогдсон “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Хойд бүсийн II чуулган”-д 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Өмнөх хуралд оролцсон төлөөлөгчдөөс гадна Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Бүрэгхангай, Шарын гол, Ерөө, Хүдэр, Орхонтуул, Баянгол, Жаргалант, Мандал сумаас хүмүүс цуглажээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж “Мандал сум нь 27 мянган хүн амтай. Нийт нутаг дэвсгэрийн 16 мянган га талбайн 63% нь ойн сан, ашигт малтмалаар баялаг.  Гэхдээ дийлэнх хэсэг нь Урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан”-ыг танилцууллаа.
ОҮИТБС-ын  Ажлын  албаны харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа “Монголд 1600 гаруй компани байдгаас 20 компани л дийлэнх орлогыг бүрдүүлдэг. Энэ 20 компанийн 4-5 нь Хойд бүсэд үйл ажиллагаа явуулж байна” гээд 2013 оны олборлох үйлдвэрлэлийн тайлангийн явц байдлын талаар ярилаа.

Монгол улсын хэмжээнд 1387 хайгуулын, 1415 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 7,8%-ийг эзэлж байгаа юм. Үүнээс Хойд бүсийн хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл 120, ашиглалтынх 233 байна. Энэ нь Монгол улсын хэмжээнд нийт хайгуулын зөвшөөрлийн 8,65%, ашиглалтын зөвшөөрлийн 16,4%-ийг бүрдүүлж буй юм. Харин 2015 оны тавдугаар сарын 4-ний байдлаар Сэлэнгэ аймаг дахь ашиглалтын 108,  хайгуулын 54, нийт 162 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ. Га талбайн хэмжээгээр нь авч үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай аймгийн газар нутгийн 0,47%, хайгуулынх 12,8%, нийтдээ 13,27%-ийг эзэлж байна гэсэн мэдээллийг Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх өгсөн юм.

Мандал суманд болсон чуулганы үеэр иргэний нийгмийнхэн “Орон нутагт эрх мэдэл байдаг. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлага, тэр дундаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар үнэхээр хариуцлагагүй ажилласан. Иргэддээ мэдээлэл өгдөггүй.  Ашиг малтмалын газраас 130 тусгай зөвшөөрлийг сэргээх санал явуултал 30-ийг нь л зөвшөөрөөд явуулж байгаа нь орон нутаг эрх мэдэлтэй байгаагийн илэрхийлэл. Цаашид энэ талаар ил тод ажиллах хэрэгтэй” хэмээн шүүмжилж  байлаа.
Олборлох үйлдвэрлэлийн тод байдлын бүсийн чуулган “Гацууртын төсөл” үйл ажиллагаа эхлэх Мандал суманд болсонтой холбогдон, иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

“Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн Ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Ашигт малтмалын газрын мэдээллүүд үнэндээ иргэний нийгмийн байгууллагуудад хаалттай байдаг. Гидрогеологи, гидрохимийн шинж чанартай Ноён уулын эрдсийн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл алга. Одоо байгаа мэдээллүүд нь Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн Байгаль орчны нарийвчилсан үзүүлэлтүүдтэй зөрдөг” гээд “Олборлох үйлдвэрлэлийн энэ чуулган цаагуураа Гацууртын төслийг дэмжиж байгаа хэрэг” хэмээн мэдэгдсэн юм.  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн ч мөн Гацууртын төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд олборлосон уурхайг биш, олборлох гэж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийн талаар ил тод байдлын санаачилга мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн санал гаргаж байв.

Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд болсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хоёр өдрийн арга хэмжээг ажиглаж байхад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сум орон нутгийн төр захиргааны байгууллагуудын “баримт” болгож буй мэдээллүүд хоорондоо илт зөрөөтэй, олон янзын ташаа ойлголттой явдаг нь харагдаж байлаа.  Тэд энэ бүх мэдээллээ нэг цэгт уулзуулж, бага ч атугай зөв мэдээлэлтэй болсон биз ээ. Иргэний хөдөлгөөнийхөн ч олборлох үйлдвэрлэлийн талаар шинэ, бодитой мэдээлэлтэй болж авснаа нуулгүй  ярьж байлаа.