Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Mosquito bites буюу шумуултай дайтах нь




Л. Болормаа

Уул уурхайн төслүүд сүүлийн таван жилд асар эрсдэлтэй учирсан талаар Бритиш Коламбийн Их сургуулийн Норман Кийвилийн нэрэмжит Уул уурхайн инженерийн сургуулийн багш Jocelyn Fraser ярьсан юм. Түүний  танилцуулга эрдэс баялгийн салбар дахь шинэ хандлагын талаар өгүүлснээрээ онцлог байлаа.

Дэлхий дахинаа уул уурхайн том төслүүд эрсдэлд орох явдал зөвхөн сүүлийн таван жилээр хязгаарлахгүй, эртнээс улбаатай. Харин сүүлийн таван жилийн онцлог нь эрдсийн зах зээлд ханш ихээхэн савласан, хувьцааны хэлбэлзэл өндөр зэрэг эрсдэл нэмэгдсэн гэжээ. Эдгээрийн дунд уул уурхайн төслүүдийг эсэргүүцсэн нийгмийн тэмцлийн үр дагавар ихээхэн нөлөөлөх болсон гэж хатагтай Жозелин ярьсан юм.

Канадын Бритиш Коламбийн Уул уурхайн сургуулийн багш Жозелин Фрэйзерийн танилцуулгыг The Mongolian Mining Journal энэ дугаартаа бүрэн эхээр Танд хүргэж байна. Түүний судалгааны ажил нь Харвардын Кеннедийн сургуулийн эрдэмтэн Rachel Davis, Daniel Franks нарын олон жилийн судалгаа ба дүгнэлтэд тулгуурласан юм. Орчин цагт уул уурхайн том төслийг амжилттай үргэлжлүүлэх, насжилтын бүх үед нь эрсдэл багатай байлгахын тулд компанийн эзэд хандлагаа шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Rachel Davis, Daniel Franks нар судалгаандаа дурджээ. Тэд 18 орны уул уурхайн том төслүүдэд хэд хэдэн шалгуураар үнэлгээ хийсэн байна. Судалгаа 1967-2012 оныг хамарсан нь дүгнэлтийг далайцтай, бодитой болгосон   юм. Эрдсийн төрлөөр нь авч үзвэл алтны том төслүүдийг эсэргүүцсэн нийгмийн тэмцэл 34 хувийг эзэлсэн байна.

“Сosts of conflict” гэсэн ойлголтод хамрах шинэ эрсдэлийг “нийгмийн буюу нэр хүндийн”   эрсдэл гэж хатагтай Жозелин онцлоод, уул уурхайн компаниуд хууль эрхзүй, санхүүгийн эрсдэлээс дутуугүй нийгмийн эрсдэлд бэлэн байх ёстой гэв. Үүний тулд уул уурхайн мэргэжлийн инженер бэлтгэж ирсэн хуучин хандлагаа өөрчлөх цаг болж гэсэн юм.

Үүнд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, антрополог, байгаль орчин, эрдсийн эдийн засаг  зэрэг хичээлийг сургалтын хөтөлбөрт нарийвчлан тусгах хэрэгтэй гэжээ. Дэлхийн уул уурхайн тэргүүлэх дөрвөн сургууль болох  Куинсийн Их сургууль,  Бритиш Коламбийн Их сургууль мөн МаГиллийн Их сургууль, АНУ-ын Аризонын  Их сургуулиудын хөтөлбөрт орчин үед уурхайн төслийг амжилттай явуулах нөхцөл болоод байгаа дээрх эрсдэлүүдийн талаар кредит цаг нэмэх саналыг тэрбээр хэллээ. Хатагтай Жозелины танилцуулгын дараа дээрх сургуулиудаас ирсэн эрдэмтэн багш, судлаач нар өөрсдийн сургалтын хөтөлбөрийг танилцуулав.

Долдугаар сарын 13-15-нд Ванкуверт нээгдсэн  Sustainable Development in the Minerals Industry (SDIMI) хурлын үеэр эдгээр танилцуулга болсон билээ. Дэлхий дахинаа уул уурхайн том төслүүд эрсдэлд орох, зардал анх төлөвлөснөөс нэмэгдэх хандлага газар аваад байна. Ийм үед “Тогтвортой хөгжил”-ийн шинэ менежментээр компанийн захирлууд, Засгийн газрууд ажиллах ёстой гэсэн уриалгыг SDIMI дахин гаргав.

The Mongolian Mining Journal нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хурал уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг тогтмол сурвалжилж ирсэн бол энэ удаа эрдэс баялгийн салбарт гарч буй бодлогын шинэ хандлагад төвлөрсөн SDIMI хурал оролцоод ирлээ.

Дээр өгүүлсэн Costs of Conflict-ийн кейс судалгааг хатагтай Жозелин Монголын уул уурхайн төслүүдийн жишээн дээр судлахаар зэхэж байгаа нь ихээхэн сонирхолтой юм. Монгол улс арвин жишээтэй орны тоонд орох нь мэдээж.

2003 оноос зохион байгуулагдаж буй SDIMI хурлын ач холбогдлыг эхэндээ салбарынхан тэр бүр онцолдоггүй байсан болов уу. Харин тогтвортой хөгжихийн тулд оролцогч болгоны эрх ашгийг тэнцүү хамгаалах ёстой гэдгийг эцсийн эцэст уул уурхайн том компанийн эзэд аргагүй хүлээн зөвшөөрч эхэлсэн өнөө цагт SDIMI долдугаар хуралдаанаа ийнхүү хийв.

Энэ удаагийн хуралдаан дээр Милосын тунхаглалын зүйл заалт бүрээр илтгэл тавьсан нь анхаарал татлаа. 2003 онд Грекийн Милос арал дээр SDIMI-ийн анхны хурал нээгдсэн ба тэндээс Тунхаглал гаргажээ. Уг Тунхаглалд уул уурхайн төсөл амжилттай хэрэгжихийн тулд, улс орнууд тогтвортой хөгжлөө хангахын тулд Компаниудын нийгмийн хариуцлага, Иргэдийн боловсрол мэдлэг, хоорондын Харилцаа холбоо гэсэн 3 чиглэлд зайлшгүй анхаарах ёстойг тэмдэглэсэн юм. (Professional Responsibility, Education-training-and development, Communication)

Байгалийн баялагтай орнууд ийм гурван чиглэлд бодлогоо гарган, уул уурхайн компаниуд нь мэргэжилтнээ бэлтгэх, сургуулиуд хөтөлбөртөө зайлшгүй тусгах ёстойг Милосын тунхаглалд тэмдэглэсэн байдаг. Монголын эрдсийн салбар 2009 оноос эрчимтэй хөгжиж, зэрэгцээд олон нийтийн эсэргүүцэл эрчимжсэн. Олон жил яригдаж байж хэрэгжсэн, зогссон, анхны зардал нь нэмэгдсэн Монгол дахь төслүүдийн сургамж өнөөдөр бидэнд юу өгүүлж байна вэ?

Оролцогч талуудын эрх ашгийг тэгш хангахгүйгээр, байр суурийг нь нэгтгэхгүйгээр төсөл амжилттай хэрэгжихэд хүндрэлтэйг уул уурхайн том компанийн захирлууд, бодлого тодорхойлж шийдвэр гаргадаг бүх тал ойлгож эхэлсэн буй за.

Харвардын эрдэмтдийн судалгаагаар Латин Америкийн нэг улсад 2010 онд эхэлсэн том төсөл бүтээн байгуулалтын явцдаа олон нийтийн эсэргүүцлээр 9 сар зогссон байна. Үүний үр дагаварт төслийн нэмэлт зардал 750 сая ам. доллар болсон гэжээ. Монголд ийм төрлийн судалгаа хийвэл дутахгүй өндөр статистик гарах болов уу. “Costs of Conflict-ийн олон “сонирхолтой” жишээ манай улсын эрдсийн салбарт хуримтлагдаад байна. Дэлхийн эдийн засгийн гүн хямралын өмнөх энэ өдрүүдэд Costs of Conflict-ийн үнэ цэн ба түүнийг үл ойшоож ирсний олз гарз илүүтэй тодорч байгаа болов уу. Монголын хувьд нийгмийн эсэргүүцлээс илүүтэй улстөрчдийн буруу бодлогоос  үүдэн төсөл гацсан, царцсан баримт түгээмэл юм.

Дэлхийн эрдсийн салбар супер хэмээх циклийнхээ гүн ёроолд тодорхойгүй хугацаагаар оров. Ийм үед бодлогоо шинэчлэх цонхтой цаг гарч ирж байна. Гайхуулаад байх зүйл биш. Гэхдээ дараагийн өсөлтийн үед боломжоо дахин алдахгүйн тулд супер циклийн ёроолд жаахан юм бодож суух завсарлага монголчуудад гарчээ.

Милосын тунхаглалд заасан дөрвөн чиглэлийн нэг  communication-д The Mongolian Mining Journal төслөө үргэлжлүүлэх юм. Эрдсийн үйлдвэрлэлийн нэг оролцогч тал- орон нутгийн иргэдэд уул уурхайн танин мэдэхүйн ойлголт өгөх, бодит мэдээллээр хангахын тулд MMJ нь “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн билээ. Уг төслөө Канадын Бритиш Коламбийн Их сургуулийн Норман Кийвилийн Уул уурхайн институтын мэргэжилтнүүдтэй хамтран үргэлжлүүлэхээр болж буйг уншигчдадаа дуулгая.

Уул уурхайн том төсөлд оролцогч талуудын тухай ойлголт өргөжсөөр компанийн ашиг орлого төдийгүй түүнийг даган өсч тэлж буй жижиг бизнес,  иргэдийн эрх ашгийн талаар дэлхий нийтээр ярьдаг болжээ. Үр дүнд нь тухайн улс тогтвортой хөгжилд хүрнэ гэж Милосын тунхаглалд тэмдэглэсэн ба НҮБ-ын түвшинд уг тунхаглалыг дэмжээд байна. Уул уурхай том төслийн удирдагч нар “шумуул хөөхөөсөө” илүүтэй, ашиг орлогоо хамтдаа хүртэх арга замд дэвшин орох нь.

Shared value хэмээн уг хандлагыг Харвардын эрдэмтэд томьёолжээ. Өнөөгийн компанийн засаглал, хариуцлагатай уул уурхай гэдгээс арай өргөн хүрээтэй ойлголт юм. Уг ойлголтыг дэлгэрүүлэхэд MMJ сэтгүүлийн Редакци хувь нэмрээ оруулж буйдаа таатай байна. Энэ удаад уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулах Гэрээний загварын талаар Н. Ариунтуяагийн нийтлэл танд сонирхолтой байх болов уу. Уг Гэрээний төсөл дээр санал бодлоо манай Редакцид ирүүлээрэй.