ОХУ-ын Төрийн өмчит “Росатом” корпорацийн охин компани “Uranium One” нь ураны “Honeymoon” ордын эзэмшлээ Австралийн “Boss Resources” компанид худалдах гэж байна. “Boss Resources” нь Австралийн “Wattle Mining” компанитай хамтран ордыг худалдан авахаар төлөвлөжээ. Ингэснээр ураны “Honeymoon” ордын 80%-ийг “Boss Resources”, үлдсэн 20%-ийг “Wattle Mining” компани тус тус эзэмших аж. Уг наймаа ирэх 3 сарын хугацаанд багтаж хийгдэх гэнэ.
1973 онд нээсэн “Honeymoon” ордын ураны тогтоогдсон нөөц нь 29 мянган тонн юм. Эл ордоос жилд 400 тонн уран олборлох боломжтой.
“Росатом” корпорацийн хувьд дэлхийн зах зээл дэх ураны үнэ ханш буурч, цөмийн эрчим хүчний түүхий эдийн эрэлт багасч байгаатай холбогдуулан 2013 оны сүүлчээс шинэ төслүүдэд хөрөнгө оруулалтаа зогсоосон билээ. Үүний улмаас Австрали дахь “Honeymoon”, Буриад дахь “Хиагда” болон Танзан дахь “Mkuju river” ордын төслүүдийнхээ хэрэгжилтийг түр хойшлуулаад байсан юм.
Э.Од