Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” “Оюутолгой” зэс, алтны төслийн 66%-ийг эзэмшиж буй “Туркойз Хилл” компанийг ойрын хугацаанд бүрэн худалдан авч магадгүй гэсэн таамаглалыг CIBC-ийн дэлхийн зах зээлийн шинжээч Том Мейер дэвшүүлжээ. Энэхүү таамаг нь ойрын 12-18 сарын хугацаанд эсвэл Монголын сонгууль, далд уурхайн санхүүжилт шийдэгдэх зэрэг эрсдэлтэй асуудлууд шийдэгдмэгц тохиож болох гэнэ. “Туркойз Хилл” компанийн хувьцаа өчигдрийн байдлаар Торонтогийн бирж дээр 0.5%-иар буурч, 3.8 канад долларт хүрсэн бол Нью-Йоркийн бирж дээр 1.7%-иар буурч 2.88 ам.доллар болж хаагдсанаас үзэхэд зах зээл үүнд төдийлөн хариу урвал үзүүлсэнгүй хэмээн хэвлэлүүдэд өгүүлжээ.
“Рио Тинто” үнэхээр “Туркойз Хилл”-ийн хяналтын багцыг эзэмшдэг боловч үлдсэн хэсгийг авах бүрэн сонирхолтой байж мэдэх юм. Одоо зэсийн үнэ зах зээлд сайнгүй байгаа ч 2019-2020 оны орчимд ханш буцаад өсөх төлөвтэй байгааг “Рио Тинто” сайн тооцоолж буй. Тэр үед бус харин зах зээлийн бууралттай үед “Туркойз”-ийг худалдан авбал бага үнэ төлөх боломжтой ажээ. Энэ тухай шинжээч Мейер “Рио Тинто үйл ажиллагааныхаа үзүүлэлтийг дээд хэмжээнд хүргэхийг хамгийн их эрмэлздэг бөгөөд харин өмчийнхөө бодит өртгийг дээшлүүлэх нь төдийлөн чухал биш” гэдгийг онцолжээ. Ингэснээр “Рио Тинто” “Туркойз”-ийг авахдаа бага үнэ төлж, улмаар далд уурхайн буюу хоёрдугаар үе шат нь дэмжигдсэн “Оюутолгой” төслийг гартаа бүрэн оруулж авах юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” төсөл дээр зочилсон бөгөөд уг төслийн хувьд улс төрийн эрсдэлтэй гэж үздэгээ больжээ. Учир нь Монголын эдийн засгийн хувьд “Оюутолгой” төсөл асар том нөлөөтэй юм. Зэсийн зах зээл бууралттай буй энэ жилийн байдлаар “Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэлгээ он гарсаар 7.1%-иар буураад байгаа нь бусад зэсийн компанитай харьцуулахад хамгийн бага нөлөөлсөнд тооцогдож байна.
“Рио Тинто”-гийн хувьд ганцхан
төмрийн хүдэрт найдаад хол явахгүй үе ирсэн ч байж магадгүй энэ үед өөр боломж
руу “уулгалан дайрч” болохыг Мейерийн таамаглалаас давхар харэ болох юм. Тэр нь үнэхээр ч зэс, тэр дундаа “Оюутолгой”
байж тун мэдэх юм. Гэхдээ “Рио Тинто” Мейерийн таамаглалын дагуу хөдлөхгүй ч
байж болох юм. “Рио Тинто” энэ оны эхээр Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг
авах ямар ч сонирхолгүйгээ хэлж байсан билээ.
Б.Төгс