Н.Ариун
Уул уурхайн компаниудын орон нутагтай хамтран ажиллах Загвар гэрээний
талаарх зарим асуудлыг Уул уурхайн яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга О.Цэндсүрэнгээс тодруулав.
Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар хэзээ бэлэн болж, эцэслэн шийдэгдэх вэ? Уул уурхайн яам дээр Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Гэхдээ олон улсын туршлагад үндэслэн, дэлхий нийтийн жишигт нийцсэн загвар бий болгох үүднээс Дэлхийн банкинд захиалга өгч, гэрээний загвар хийлгэх хүсэлт тавьсан юм. Дэлхийн банк өөрийн шугамаар сонгон шалгаруулалт зарлаж, “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмийг сонгосон. “Хоган Ловеллс” дэлхийн улс орнуудын уул уурхайн компани болон орон нутгийн хамтын ажиллагааны туршлагыг судалж, улмаар Монголын нөхцөлд тохирсон Гэрээний загвар боловсруулах ёстой. Тэр ажлыг нь Уул уурхайн яам хүлээж авна.
Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн компаниуд орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой заалт байдаггүй. Тиймээс аймаг, сум бүр өөрсдийн үзэмжээр гэрээ байгуулж ирсэн. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч, нутгийн захиргааны байгууллагын хувьд ч өөр өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлж гэрээ байгуулдаг. Энэ нь эргээд хууль эрхзүйн хувьд зөрчилтэй элдэв асуудал үүсгэх болсон. Авлига, хээл хахуультай холбоотой байж магадгүй гэх үүднээс орон нутгийн төрийн захиргааны байгууллагын цөөнгүй албан тушаалтан хууль, хяналтын байгууллагаар шалгагдсан тохиолдлууд гарлаа.
Тиймээс бүхий л түвшинд нэг стандартын дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулах, тэр загварыг Засгийн газар батлахаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүний дагуу энэ ажил хийгдэж байгаа юм.
“Хоган Ловеллс” Гэрээний загварыг эцсийн байдлаар Уул уурхайн яамд танилцуулаад байна.
“Хоган Ловеллс”-ын боловсруулсан загварыг хэрхэн үнэлж байгаа вэ? Уул уурхайн яам өмнө нь гэрээний загвар боловсруулж байсан болохоор тодорхой харьцуулалт байгаа байх? Олон улс, ялангуяа уул уурхай хөгжиж байгаа болон хөгжсөн улс орнуудад хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг туршлагыг нэлээд сайн судалж, тусгахыг оролдсон чамбай загвар болжээ хэмээн Уул уурхайн яам үнэлж байгаа. Гэхдээ эцсийн хувилбар дээр ажиллах шаардлагатай. Орон нутаг болон аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулахад хүндрэлгүй, товч бөгөөд тодорхой, ойлгомжтой загвар гаргах шаардлага тавьж байна. “Хоган Ловеллс”-ийн танилцуулсан Гэрээний загвар маш дэлгэрэнгүй, 30 гаруй хуудас материал байгаа. Бүх асуудлыг олон улсын стандартын түвшинд хийх гэж хичээсний улмаас гэрээ байгуулах талуудын хэн хэнд нь нэлээд нүсэрдэхүйц загвар болжээ. Хуулийн тайлбар шиг хэтэрхий дэлгэрэнгүй, нуршуу юм. Тиймээс Уул уурхайн яам гэрээг товч бөгөөд тодорхой болгох шаардлага тавьж буцаасан.
Гэрээг боловсруулахад ямар нэг чиглэл өгсөн үү? Хориглох болон дэмжих үйл ажиллагаа ч гэдэг юм уу? Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд “”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан байдаг. Хуульд заасан дээрх үндсэн гурван асуудлаар Гэрээний загварыг боловсруулж байгаа.
Бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийхийг хамтран ажиллах гэрээгээр хориглосон. Иргэдийг сургах, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад компани мөнгө зарна. Түүнийгээ орон нутаг, компани хоёр тохирно. Түүнээс биш Орон нутгийн хөгжлийн санд тэдэн төгрөг тушаавал хайгуулын тусгай зөвшөөрлийг чинь зөвшөөрнө гэх байдлаар явдгийг хориглож байгаа. Баяр наадам, тэмдэглэлт ой зэрэгт хандив, дэмжлэг авах, Орон нутгийн хөгжлийн данс руу бэлэн мөнгө шилжүүлэх зэргээр мөнгөн хөрөнгөтэй холбоотой аливаа асуудал гэрээнд тусгагдаагүй.
Гэрээний загварыг боловсруулах явцдаа Уул уурхайн яам Улаанбаатар хот, Өмнөговьд, мөн “Хоган Ловеллс” хуулийн фирмтэй хамтран Төв, Дорноговь аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн бүх аймагт Орон нутагтай байгуулах гэрээний загвар дээр саналаа өгнө үү гэсэн албан тоот хүргүүлж, санал авсан. Дөрвөн газарт зохион байгуулсан хэлэлцүүлэгт нийтдээ 150 орчим сум, 70 орчим уул уурхайн компанийн төлөөлөл хамрагдсан байдаг. Хэлэлцүүлгийн үеэр талуудаас гарсан саналуудыг гэрээнд аль болох тусгахыг оролдсон. Зарим нэг огт боломжгүй саналыг тусгахгүй гэдгээ тухайн хэлэлцүүлгүүдийн үеэр ойлгуулаад явсан байгаа.
Гэрээний сүүлийн хувилбар гарч байгаа болохоор 9 дүгээр сард багтаан Улаанбаатарт эцсийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг Загвар гэрээнд тусгаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх процедурын дагуу явна.
Дээрх гурван чиглэлээс өөр үйл ажиллагааг Загвар гэрээнд тусгах боломжтой юу? Газар нутгийг ойжуулах, бэлчээр ашиглалтыг сайжруулах, усны асуудлыг шийдэх, орон нутгийн иргэдийн нийгмийн асуудал, уурхайд ажиллах боловсон хүчнийг орон нутгаас хэрхэн бэлдэх, иргэдийг сургах, соёл урлагийг дэмжих зэрэг үйл ажиллагааг хамтын ажиллагааны гэрээний загварт тусгаж өгөөч гэсэн хүсэлтийг орон нутгийнхан нийтлэг тавьсан. Тэр бүгдийг хууль эрхзүйн орчинд нийцүүлэн, гэрээний загварт аль болох тусгахыг хичээлээ.
Ер нь орон нутаг, ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй сумд гэрээний нэгдсэн загвартай болохыг маш их дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн компани болон орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хууль зөрчигдөх тохиолдол орон нутагт түгээмэл гарсан болохоор Загвар гэрээтэй болох нь чухал байна. Гэрээнд тусгах асуудлаар ч орон нутаг саналаа идэвхтэй өгсөн.
Компаниудын хувьд загвар гэрээтэй болохыг дэмждэг. Орон нутаг компаниудаас боломжтой, боломжгүй янз бүрийн зүйл нэхдэг нь нууц биш. Загвар гэрээтэй болсноор гэрээнээс давсан зүйлийг орон нутаг нэхэхгүй болно. Ингэх нь уул уурхайн компаниудад илүү амар байх тул Засгийн газраас баталж өгсөн загварын хүрээнд гэрээ байгуулахад бэлэн байна. Аль, аль талдаа хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Орон нутаг болон аж ахуйн нэгжийн аль алиных нь эрх ашигт нийцсэн гэрээний загвартай болохын төлөө ажиллаж байгаа.
Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэг стандартаар загварчлах амаргүй. Тусгай зөвшөөрлийн төрлөөр гэхэд ашиглалт явуулж буй компанийг хайгуулын компанитай харьцуулах түвэгтэй? Хамтын ажиллагааны гэрээг тусгай зөвшөөрөлтэй компани болгон байгуулах ёстой. Компанийн цар хүрээ, том жижиг, орон нутгийн онцлог гээд загварчлахад түвэгтэй асуудлууд бий ч үүнээс хэтрэхгүй шүү гэсэн тодорхой хүрээг Загвар гэрээ бий болгож байгаа. Хайгуулын ч бай, ашиглалтын ч бай, “Оюутолгой” ч бай, алтны шороон орд ч бай ялгаагүй Загварын хүрээнд л гэрээ байгуулна. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр жишээ авъя л даа. Том компани нэг өөр тоо, жижиг компани бас нэг өөр тоо тавьж таарна. Загвар гэрээн дээр ямар нэг тоо заагаагүй тул боломж нээлттэй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани мэдээж нүсэр гэрээ байгуулахгүй. Гэхдээ л энэ загвараар гэрээ хийнэ. Байж болно гэсэн зүйлс зарим тохиолдолд байхгүй ч байж болно. Хамгийн гол нь энэ загварын хүрээнээс гадуур хамтын ажиллагаа өрнүүлэхгүй гэсэн үг.
Бас Гэрээг сумтай байгуулах уу, аймагтай байгуулах уу гэдэг бүрхэг байна? Ашигт малтмалын тухай хуульд нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар нутгийн захиргааны байгууллагад аймаг нь ч, сум нь ч хамаардаг. Загвар гэрээн дээр ерөнхийдөө сумтай байгуулахаар тусгаад байгаа. Гэхдээ Загвар гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үед аймаг уу, сум уу гэдэг нь тодорхой болно.
Гэрээний нэг тал Засаг дарга байгаа нь орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаасаа зөв шийдэл мөн үү? Загварын дагуу байгуулах гэрээний төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцүүлэх, хяналт тавих иргэдийн төлөөний байгууллагыг байгуулах зохицуулалт байгаа. Загварын хүрээнд ийм гэрээ хийлээ гэдгээ ИТХ-аараа хэлэлцүүлээд, дэмжигдвэл Засаг даргад эрх өгөөд явах зохицуулалттай. Мөн Засаг дарга тайлангаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон хяналт тавих иргэдийн төлөөний байгууллагад тавиад, хэлэлцүүлээд явна.
Тусгай зөвшөөрөл бүхэн дээр гэрээ байгуулахаар гэрээнүүдийг бүртгүүлэх ёстой юу? Бүртгэх бол нэгдсэн бүртгэлийг хаана хийх вэ? Аж ахуйн нэгж бүр тухайн жилийнхээ хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан тайлангаа Ашигт малтмалын газарт тушааж, хянуулаад, дараа жилийн төлөвлөгөөгөө батлуулдаг. Тэр үед байгуулсан гэрээнүүд бүртгэгдэнэ. Нэгдсэн сан бий болно гэсэн үг. Мөн уурхай дээр зайлшгүй байх ёстой 20 гаруй бичиг баримтын жагсаалтад энэ гэрээ ороод явах юм.
Гэрээний хугацааг тодорхой заалгүй нээлттэй үлдээжээ? Жил болгон байгуулаад байх нь түвэгтэй. 2 жилээр байгуулаад явбал илүү тохиромжтой мэт. Хэлэлцүүлгийн дараа хугацааг тодорхой болгох байх.
Хөрөнгө оруулалтад ямар нэг хэмжээ, зааг тогтоох уу? Хөрөнгө оруулалтад ямар нэг хэмжээ, зааг байхгүй. Сум орон нутаг хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. Хэдийгээр гуравхан чиглэл ч эдгээр нь их өргөн хүрээний асуудал шүү дээ.
Загвар гэрээ батлагдсанаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл авсан компани хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёстой вэ?Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Загвар гэрээ батлагдсаны дараа тухайн орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулах бөгөөд тодорхой хугацаа зааж өгөөгүй. Гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаасаа өмнө Орон нутагтай хамтран ажиллах гэрээг заавал байгуулсан байх ёстой.
Гэрээ байгуулаагүй бол ямар хариуцлага тооцох вэ?Гэрээ байгуулаагүй бол хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй.
“Оюутолгой” компани 2015 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймаг болон нөлөөллийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Загвар гэрээ батлагдсанаар өмнөх гэрээгээ цуцалж, загварын дагуу шинээр гэрээ байгуулах ёстой юу?Хамтын ажиллагааны шинэ эрх зүйн орчин үүсч байгаа тул өмнөх гэрээгээ дуусгавар болгох байх. Гэхдээ өмнөх гэрээний дагуу хийгдэж байсан ажлууд нь шинэ гэрээнд тусгагдан үргэлжлээд хийгдэнэ гэж ойлгож байгаа.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, АМНАТ болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн тодорхой хувийг уул уурхайн үйл ажиллагаа явагдах орон нутагт өгөхөөр боллоо. Үүнийг орон нутагтай байгуулах гэрээтэй уялдуулсан концепци бий юу? Үүнийг заавал гэрээтэй уялдуулах шаардлагагүй болов уу. Тухайн сум өөрийнх нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсны төлөө тодорхой хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрөөс авах талаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулалт хийсэн нь маш зөв юм.
The Mongolian Mining Journal. august 2015, № 008