ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам” буюу РЖД компани нь 2019 оныг дуустал “Улаанбаатар төмөр зам”-ын 50%-ийг удирдахаар болсон байна. Тодруулбал, УБТЗ хамтарсан нийгэмлэгийн нийт хувьцааны 50%-ийг эзэмших зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Тус зарлигт “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн “Оросын төмөр зам” /РЖД/ төлөөлөн эзэмшиж буй холбооны мэдлийн 50%-ийн хувьцаа эзэмших удирдлагын хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 17 хүртэл сунгах тухай заажээ. Энэхүү баримт бичиг 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн зарлигт тусгасан хугацааг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Улаанбаатар төмөр замын барилгын ажил Зөвлөлт-Монголын зөвшилцлийн дагуу 1947 онд эхэлсэн байдаг. Үүнээс 2 жилийн дараа буюу 1949 онд 400 км төмөр зам баригдаад байхад “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг байгуулах тухай өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг ЗХУ, БНМАУ үзэглэсэн юм.
Сонирхуулахад, РЖД компанийг сүүлийн 10 жил тасралтгүй удирдсан Владмир Якунин өөрийн хүсэлтээр өнгөрсөн сард албан ёсоор албан тушаалаасаа буусан билээ. Одоо тус албанд ОХУ-ын Тээврийн сайдын нэгдүгээр орлогч Олег Белозеров томилогдон ажиллаж байгаа юм.
Э.Од