Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо болж буй Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр Монголд хэрэгжих 2 цахилгаан станцын 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа.
Монгол улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компани хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. “Могул пауэр” компани нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхлэхийг “Могул пауэр” компанийн Зөвлөх Б.Батмөнх онцолжээ. Тус станц нь 150 МВт-ын 4 блокоос бүрдэх бөгөөд жилд хамгийн ихдээ 4016 сая.кВт цахилгаан нийлүүлэх боломжтой болох ажээ. “Могул пауэр” компанийн гол хөрөнгө оруулагч нь АНУ-ын “Файрбөөрд менежмент” сан бөгөөд Монгол улсад тогтвортой, удаан хугацаанд ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын нэг юм.
Мөн үеэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд “Бодь групп”, БНХАУ-ын “Пауэр Чайна” компани гарын үсэг зурсан байна. Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөлд 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ.
Юутай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Далянь дахь ажлын айлчлалын үеэр 2 тэрбум долларын хөрөнгө оруулалттай хоёр томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдлаа. Эрчим хүчний сайд Д.Зоригт “Монгол улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно” хэмээн онцолсон байна.