Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Оюутолгой” компанийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авч, баталсан хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ. Өнгөрсөн 5 дугаар сард “Рио Тинто” болон “Эрдэнэс Монгол” компани “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК-иас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байсан ТЭЗҮ-ээ дахин шинэчилж өгсөн юм. Шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авснаар “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх, санхүүжилт татах боломжтой болж байгаа юм.

Мөн “Эрдэнэс Оюутолгой” компаниас олон улсын зээлдэгч нарын хүсэлтийн дагуу Дэлхийн банкны харьяа MIGA /Multilateral Investment Guarantee Agency/ хөрөнгө оруулалтад батлан даалт гаргахад Засгийн газар бүрэн дэмжинэ хэмээн мэдэгджээ.

Ямартай ч “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх, санхүүжилт татахад Засгийн газрын зүгээс шаардлагатай зөвшөөрлүүдийг дараалан өгсөөр байна. “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой Монголын Засгийн газрын шийдвэртэй, хойшлуулалгүй гаргасан зөвшөөрлүүд нь Засгийн газар дэлхийн түвшний энэхүү нөөцийг түргэн хугацаанд үйлдвэрийн эргэлтэд оруулахыг зорьж буйг дахин бататгахын зэрэгцээ цаашлаад Монгол улс бизнест нээлттэй гэдгийг илүү өргөн хүрээнд харууллаа” гэж мэдэгджээ.

С.Болд-Эрдэнэ