Төрийн өмчит компаниуддаа шинэчлэл хийх замаар Хятад улс эдийн засгийн өсөлт удааширсан өнөөгийн таагүй байдлаас гарч чадна гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Тиймээс идэвхгүй байдалд байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сэргээх, шинэчлэлийг гүнзгийрүүлэх удирдамжийг Хятадын Засгийн газраас энэ даваа гаригт олон нийтэд танилцуулжээ. Одоогийн байдлаар тус улсын төрийн мэдэлд 110 байгууллага байгаа аж.
Шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Коммунист намын Сахилгын хяналтын төв комиссоос төрийн өмчит компаниудад шалгалт хийж байгаа юм. Үүнд эрчим хүч, өнгөт метал, нүүрс, уран, газрын тос болоод байгалийн хий, уул уурхай, хими технологи, хөрөнгө оруулалт, банк санхүү, барилга, үүрэн сүлжээ, хөдөө аж ахуй, машин үйлдвэрлэл, далайн тээврийн үйл ажиллагаа явуулдаг нийт 26 компанийг хамруулах аж. Эдгээр компанийн удирдлагууд авлига, хээл хахууль, албан тушаалын асуудалтай холбоотой эсэхийг шалгах юм. Шалгалтын явцад олон нийтээс ирсэн гомдлыг хянахаас гадна шинэ удирдлагын томилгоо хийгдэнэ.
Одоогоор 14 компани шалгагдаад байгаа бөгөөд “Синопек”, “Шенхуа”, “Эксимбанк”, “China Resources” зэрэг компани багтжээ. Үүнээс “Шенхуа” болон “China Resources” компаниудын удирдлагад улсын өмчийг завшсан хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Э.Од