“Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель The Sydney Morning Herald болон The Australian сонинд “Оюутолгой” төслийн талаар ярилцлага өгчээ. Тэрбээр банкуудтай хийж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээрт 11 дүгээр сард гарын үсэг зурах төлөвтэй байгаа талаар бөгөөд банкуудаас 4.5 тэрбум доллар босгохоор ажиллаж байгаа аж.
Тэрбээр мөн Засгийн газартай удаан хэлэлцээр хийсний дүнд өнгөрсөн 5 дугаар сард тохиролцоонд хүрч, далд уурхайг хөгжүүлэхээр гэрээ байгуулсан учир цаашид ямар нэг саадгүйгээр төсөл хэрэгжинэ. Ирэх оны УИХ-ын сонгууль ч төслийн бүтээн байгуулалтад нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байна. “Рио Тинто” компанийн зүгээс зэсийн ханш ирэх жилүүдэд тогтвортой, өсөх хандлагатай байгаа учир “Оюутолгой” төслийг хамгийн сайн төслийн нэг хэмээн онцолсон байна.
“Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель урьд нь “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлаар жил орчим хугацаанд ажиллаж байсан билээ.
С.Болд-Эрдэнэ