Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ОҮИТБС-ын өмнөд бүсийн чуулган Дорноговь аймагт боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Ажлын алба есдүгээр сарын 10,11-нд Дорноговь аймгийн  Айраг сум, Сайншанд хотод олон талт оролцоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Эхний өдрийн хэлэлцүүлэгт   Ашигт малтмалын газар, Татварын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, иргэний нийгмийн    “Төлсөн авснаа нийтэл”, “Байгаль орчны иргэний зөвлөл” зэрэг байгууллагын төлөөлөл  оролцсон юм.  Харин дараагийн өдөр нь  Сайншанд хотод ОҮИТБС-ын Өмнөд бүсийн чуулган болж өргөжин   Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн гишүүд, Ханбогд, Цогтцэций, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Даланжаргалан, Айраг, Иххэт, Шивээговь сумдын  төлөөлөл гээд 160 гаруй хүн оролцов.

ОҮИТБС-ын хоёр өдрийн хэлэлцүүлэг бүхэлдээ тусгай зөвшөөрөл олголт, үйлдвэрлэл, борлуулалт, татвар төлөлт,  Компанийн нийгмийн хөрөнгө оруулалт, Байгаль орчны тогтвортой үйл ажиллагаа, Уул уурхайн бүх үе шатанд ил тод байдлыг хангахын тулд Дэд зөвлөл хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд боллоо.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт орон нутагт ойлгомжгүй, зохион байгуулалт муутай, шат дараалал нь тодорхойгүй байгаа талаар иргэд санал бодлоо илэрхийлж, холбогдох албаны хүмүүсээс энэ талаар тодруулсан  ч бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч байв.

“Хайгуулын лицензийг өргөдлөөр олгох ажлыг зохион байгуулснаас хойш  улсын хэмжээнд орон нутгийн 70 гаруй хувь нь татгалзсан хариу ирүүлнэ гэдэг том эрсдэл. Үр дүн муутай ажил хийгдэж байгаагийн нэг илрэл” хэмээн   хэлэлцүүлэгт оролцогчид ярилаа.    

Монгол улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл 1664, үүнээс говийн бүсэд 317 буюу нутаг дэвсгэрийн 19,5%-ийг эзэлж байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 1444, үүнээс говийн бүсэд 455 буюу нутаг дэвсгэрийн 31,5%-ийг эзэлж байгаа аж.

Өмнөговьд ашиглалтын 80, хайгуулын 164, Дорноговь аймагт ашиглалтын 158, хайгуулын 192, Дундговь аймагт ашиглалтын 70, хайгуулын 86, Говьсүмбэр аймагт ашиглалтын 7, хайгуулын 9 тусгай зөвшөөрөлтэй байгаа тухай Ашигт малтмалын газрын ажилтнууд мэдээлсэн юм.

Г.Идэр