“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 дугаар сард томилогдсон талаар “Оюутолгой” ХХК албан ёсоор цахим хуудсандаа мэдээлсэн байна. Ингэснээр өнгөрсөн 4 дүгээр сараас хойш эзэнгүй байсан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын 3 дахь суудал эзэнтэй болж байна.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талаас ямар нэг улстөрч, улс төрийн болон төрийн албан тушаалтан байхгүй болж байгаа юм. Тус компанийн 34%-ийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл ТУЗ-д нь орсноор “Оюутолгой” төслийг улс төрөөс холдуулж, бизнесийн зарчмаар, компани хоорондын асуудал болгон үлдээж байна гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг бодитоор биелж байна гэхэд болно.
Дашрамд дурдахад “Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд ирэх 11 дүгээр сард олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах хэлэлцээр шийдэгдэнэ байх хэмээн “Рио Тинто” компаниас мэдэгдсэн билээ.
С.Болд-Эрдэнэ