Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв

Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 7.12%-иар унаж, 2.48 ам.доллар болов. Ингэснээр хувьцааны үнэ нь 52 долоо хоногийн хамгийн доод цэгтээ ирээд байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш сүүлийн 3 сард 36%, сүүлийн 4 долоо хоногт 17%, сүүлийн 7 хоногт 14% унаад байна.

“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгч Монголын Засгийн газар болон “Рио Тинто” группын зүгээс энэ сард сайн мэдээнүүд гаргаж байгаа ч хувьцааны ханшид нөлөөлөхгүй байгаа юм. Тухайлбал Засгийн газар далд уурхайн ТЭЗҮ-ийг хүлээн авсан бол “Рио Тинто” далд уурхайн санхүүжилтийг 11 дүгээр сард шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Шинжээчид “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханшны уналтыг зэсийн үнэ, Хятадын эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж байгаа аж. Ердөө 10 хоногийн өмнө зэсийн үнэ 5360 доллар хүрч тогтворжих хандлага ажиглагдаж байсан ч өчигдрийн байдлаар 5%-иар буурч, 4980 доллар болжээ. Цаашид ч зэсийн үнэ унах магадлалтай байгаа болохоор “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны үнэ богино хугацаанд өсөхгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

С.Болд