Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн олгож эхэлснээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар бүртгүүлжээ. “2015 оны есдүгээр сарын 25-ны байдлаар цахим хэлбэрээр 2,595 өргөдлийн дугаар олгосноос 1,357 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж, 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдээлэл хүргүүлээд байна” хэмээн Ашигт малтмалын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Есдүгээр сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан юм. Үүний шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажилласан.
“Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд эцсийн дүгнэлтээр системийн кодод алдаа гарсан учраас системийн 2 дугаар сервер унтарч, ассан. Санаатай хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зайл байхгүй гэж дүгнэсэн” гэж Д.Үүрийнтуяа дарга ярьлаа.
Системийн хэвийн ажиллагааг хангаж, 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдсан гэдгийг тэрээр мөн тодотголоо.