Есдүгээр сарын 21-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг
цахимаар олгох явцад алдаа гарч, аж ахуйн нэгжүүдэд багагүй бухимдал
үүсгэсэн. Ашигт малтмалын газар энэ талаар “Халдлагын шинж чанартай
зүйл байхгүй. Системийн кодод алдаа гарсан” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч аж
ахуйн нэгжүүд саналыг хүлээн авах ажлыг будлиантай явуулсан гэж Ашигт
малтмалын газрыг буруутгасаар байгаа билээ. Энэ талаар АМГ-ын газрын
даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа. Хамгийн сүүлийн байдлаар цахим хэлбэрээр хэчнээн өргөдлийн дугаар олгоод байна вэ? Есдүгээр сарын 25-ны байдлаар цахим хэлбэрээр 2,595 өргөдлийн дугаар олгосон байна. Үүнээс 1,357 өргөдлийг хүлээн авч шүүлт хийлээ. Ингээд Ашигт малтмалын хуулийн дагуу хянан үзэж 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон юм. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Есдүгээр сарын 21-ний өдрийн цахим дугаар олголтын үеэр системд гацаж, холбогдох газрууд шуурхай арга хэмжээ авсны дүнд шалтгааныг нь тогтоосон. Яг ямар шалтгаанаар систем гацсан юм бэ?Үүний шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажилласан.
Тагнуулын Ерөнхий газрын харъяа Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд “системийн кодод алдаа гарсан учраас системийн хоёрдугаар сервер унтарч, ассан. Санаатай хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэж эцсийн дүгнэлтээ хийсэн байгаа.
Ингээд системийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, есдүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдсан гэдгийг хэлье.
Нэр бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 25-нд зарласан. Энэ ажил юу болсон бэ?Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26,9, 49,7, 60,9 заалт, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэр бүхий 10 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон зарласан.
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртлэх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөхөөр саналын урилганд заасан юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд саналаа Сонгон шалгаруулалтын урилга олон нийтэд мэдээлэгдсэн өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдрөөс урилганд заасан эцсийн хугацааны хооронд ирүүлэх боломжтой гэсэн үг.
Гэхдээ уг саналыг хүлээн авах ажлыг будлиантай явуулсан гэж аж ахуйн нэгжүүд танай байгууллагад гомдол гаргаж байна шүү дээ?Тийм ээ. Саналыг хүлээн авах ажлыг будлиантай явуулсан, аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрсөлдөх эрх ашгийг боогдуулсан, эсвэл бусад аж ахуй нэгжүүдэд давуу эрх олгосон гэх мэдээлэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байна. Иймд Ашигт малтмалын газрын зүгээс дараах мэдээллийг хийж байна.
Нэгдүгээрт, Уул уурхайн сайдын 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан. Энэхүү журамд Уул уурхайн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг Хууль зүйн яаманд бүртгүүлсэн юм. Мөн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д өөрчлөлтийг тусгай шинэчлэгдсэн журмыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан байгаа.
Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн санал журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж бүртгэлийн дэвтэрт бүртгэн, санал хүлээн авсан тухай тодорхойлолт өгөхөд дунджаар 5 минутын хугацаа зарцуулагдсан. Зарим аж ахуйн нэгж 2-3 талбайд санал ирүүлснээс шалтгаалан 10-15 минутанд саналыг бүртгэсэн.
Гуравдугаарт, тухайн сонгон шалгаруулалтын эхний саналыг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 55 минутанд, сүүлчийн саналыг 25-ний өдрийн 17 цаг 00 минутанд бүртгэсэн. Сонгон шалгаруулалт зарласан 10 талбайд нийт 24 аж ахуйн нэгжийн 28 санал бүртгэгдсэн байгаа гэдгийг аж ахуйн нэгжүүддээ мэдээлье.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар болон сонгон шалгаруулалтаар олгож эхэлснээс хойш улсын төсөвт нийт хэчнээн төгрөг бүрдүүлээд байна вэ? Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 28-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 28,0 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 991 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 1,4 тэрбум төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 1,7 тэрбум төгрөг, нийтдээ 32,1 тэрбум төгрөг төвлөрлүүлээд байна.
Г.Идэр