Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Н.Чинбаатар: Хуульд нийцээгүй Тусгай хэрэгцээний газруудыг бүртгэлээсээ хассан

Орон нутгийн ИТХ-ийн тогтоол, шийдвэрээр   тусгай хэрэгцээнд болон тусгай хамгаалалтад авсан газруудыг  Ашигт малтмалын газар дүгнэлт гарган цуцалсан гэсэн мэдээлэлийг орон нутгийн зарим албан тушаалтнууд өгч  байна. Өмнөговь аймгийн баруун сумд гэхэд  Байгаль орчны цогц төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг хуулийн дагуу  хоёрхон сарын хугацаанд аваад  Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн боловч  төдөлгүй   Кадастрын мэдээллийн сангаас хасагдсан аж.  Мөн Дорноговь аймгийн зарим сумдын  тусгай хэрэгцээнд авсан газрууд ч цуцлагджээ. Энэ талаар Ашигт малтмалын газрын  Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас тодрууллаа.

Ашигт малтмалын газар ямар үндэслэлээр орон нутгийн тусгай хэрэгцээнд болон тусгай хамгаалалтад авсан газруудыг цуцлаж байгаа юм бэ?

Улсын тусгай хамгаалалт, Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нь УИХ, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Гэхдээ мэдээж энэ нь  хуулийн тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Өмнөх жилүүдэд аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудыг Ашигт малтмалын газрын Кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ  хуульд нийцээгүй тогтоолыг үндэслэсэн тохиолдлууд байна.
Кадастрын мэдээллийн санд хууль нийцэлгүй  бүртгэгдсэн аймаг, сумын ИТХ-ийн тогтоолуудыг хуулийн дагуу болгох ажлыг бид 2013 оноос эхлэн хийж эхэлсэн. Энэ тухай албан бичиг, мэдээллээ 21 аймаг, 300 гаруй сумд руу явуулсан.  Нэг сум руу бүр хоёр гурван удаа явуулсан тал бий.

Ямар утгатай албан бичиг явуулсан бэ?

Хуульд нийцээгүй тогтоолуудаа засч, дахин шинэчлэн бүртгүүлнэ үү гэсэн утгатай. Хариу ирэхгүй, сураг тасарсан заримыг  нь Кадастрын мэдээллийн сангаасаа хассан. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрууд хасагдчихаж гээд байгаа нь үүнтэй холбоотой байх.

Нэр бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт будлиантай боллоо, санал хүлээн авах ажилтан хариуцлагагүй хандсан гэсэн мэдээлэл байна. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

Сонгон шалгаруулалттай холбоотой хоёр маргаан гараад байгаа. Гэхдээ манай иргэд  тендер, сонгон шалгаруулалт хоёрыг андуураад байх шиг байна. Сонгон шалгаруулалтын журам өөр. Энэ журамд сонгон шалгаруулалтын саналыг биечлэн өгөх хамгийн сүүлчийн хугацааг урилгандаа тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл,  2015 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө  Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад саналаа  хүлээлгэн өгөх  ёстой юм.
Гэтэл үүнээс өмнөх өдрүүдэд аж ахуйн нэгжүүд саналаа өгөхгүй байсаар цагийг нь тулгаж орж ирэх явдал их байсан.  Бид 17:00 цагаас хойш бүртгэл явуулбал журмаа зөрчинө. Журам зөрчвөл сонгон шалгаруулалт хүчингүй болно.
Манай нарийн бичгийн дарга санал авалгүй удаасан, ажлын байран дээрээ байгаагүй гэдэг бол гүтгэлэг.  Нэг аж ахуйн нэгж  хэдэн ч талбайн сонгон шалгаруулалтад орох эрхтэй.
Жишээ нь, нэг байгууллага дөрвөн талбайг авах саналаа өгсөн байна. Дөрвөн талбайд санал өгч байгаа  тул дөрвөн материал бэлдэж өгөх хэрэг гарна. Үүн дээр жаахан хугацаа орсон тал бий. Сүүлдээ бид саналыг 3 минутын зайтай авч байсан. Үүнийг бүртгэлийн дэвтэр харуулна. Дээр нь манай нарийн бичгийн дарга өрөөндөө байсан эсэхийг камерийн бичлэгүүд нотлох биз ээ.

Хайгуулын лицензийг өргөдлөөр олгох ажил зохион байгуулснаас хойш улсын хэмжээнд 70 гаруй хувьд нь орон нутаг татгалзсан хариу ирүүлж байгаа нь том эрсдэл, үр муутай ажил  гэж  болгоомжлох хүмүүс байна?

Монгол улсын баруун бүсийн  аймгууд  хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн саналд бүгд татгалзсан хариу ирүүлсэн.  Харин Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор байдал өөр болсон юм. Орон нутагт маш олон хэлэлцүүлэг явагдсаны дүнд тодорхой түвшинд зөвшөөрсөн саналууд ирж байна.  Зүүн аймгуудаас тусгай зөвшөөрлийн цөөхөн санал ирж байгаа. Гэхдээ цөөхөн ч гэсэн  дэмжсэн санал олон бий. Төв аймаг ихэнхдээ татгалзсан, Дорноговь, Хэнтийн аймгаас зөвшөөрсөн саналууд ирж байна.

Г.Идэр