Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын Өрөмдөгчдийн ажил мэргэжлийн уралдаан боллоо

1987 оноос хойш даруй 20 жил завсарлаад 2007 оноос Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо, одоогийн УУЯ (тухайн үеийн нэрээр ЭБЭХЯ), АМГ, МХЕГ-ын санаачлагаар дахин сэргээсэн 4 байгууллагын, хожмоо 2012 оноос МУУҮА-ыг оролцуулаад 5 байгууллагын нэрэмжит шилжин явах цомын энэ уралдаан 8 дахь удаагаа цохилтот өрмийн төрлөөр Туул голын хөвөөнд Тосон Заамар нутагт бага Наймганы аманд болов. Өрөмдлөгийн энэ аргаар өрөмдөгчдийн уралдаан тэртээ он жилүүдэд, тухайлбал, Модотын цагаан тугалганы экспедици гэж байхад, манай цохилтын алдарт өрөмдөгч, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Буянтын Жамц агсныг амьд сэрүүн байхад, хожим бас нэг удаа мөн Төв аймгийн Заамарын энэ бүс нутагт мөн Сэлэнгэ аймгийн нутагт Бүхлэйн ангид Дарханы алтны экспедицийн өрмүүд дээр зохиогдож байсан түүхтэй юм. Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөг сэргэсэнтэй уялдаж, энэ удаагийн өрмийнхний уралдааныг Монголын Геологийн албаны 76, Уул уурхайн салбарын 93 жилийн ойг угтан “Илт гоулд”ХХК-ийн (захирал Байгаль) алтны шороон ордын хайгуулын талбай дээр “ММНС” ХХК (захирал Б.Наранцэцэг)- ийн өрмүүд дээр шороон ордын цохилтот өрмийн төрлөөр зохион байгуулагдав.

Уг уралдаанд манай улсын ашигт малтмалын шороон ордын хайгуулын цохилтот өрөмдлөгийн компаниудын өрөмдлөгийн багууд оролцож, ажил мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин уралдсан бөгөөд өрөмдлөгийн хурд, үртсэн дээжлэлтийн чанар, үнэмшилт байдлаар “Метал эрэл-хайгуул” ХХК-ийн өрөмдөгчид (Д.Ганзориг, Гүенбаатар, Нараа) тэргүүн байр эзлэж, шилжин явах цом, өргөмжлөл-1000 000,“Верна партнерс”ХХК-ийн өрөмдөгчид (Буянаа, Бат-Эрдэнэ, Мяасүрэн, Лхагвасүрэн)  аман хүзүүдэж өргөмжлөл-500 000, “ММНС” ХХК-ийн өрөмдөгчдийн 3-р баг (Батхишиг, Эрдэнэ-Очир, Нямсүрэн, Мөнх-Ертөнц) 3-р байр эзлэж өргөмжлөл-300 000, Эрдэнэтийн Уулын үйлдвэрийн ГХА-ын (С.Өсөхбаяр, Б.Чулуунбаатар, С.Чулуунзагд) болон “ММНС” ХХК-ны 4-р багууд (Галбаатар, Билгүүн, Даваажанцан) тус тус тусгай байранд шалгарч өргөмжлөл тус бүр 100 000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдав. Энэхүү арга хэмжээг Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон УУЯ, АМГ, ШУТИС-ийн ГУУС, цохилтот өрөмдлөгийн “Дун-Эрдэнэ”, “ММНС” ХХК-ийн төлөөлөл бүхий комисс эрхлэн зохион байгуулж, цохилтот өрөмдлөгийн 13 баг уралдаж, өрөмдлөгийн компаниудын төлөөлөл, дэмжигчид мөн түүнчлэн ШУТИС-ийн ГУУС, ХААИС, БХИС, Налайх дахь МСҮТ-ны эрдэмтэн багш нар, ажилтнууд, оюутан суралцагчид танилцах, ажиглах, зохион байгуулалтанд туслах байдлаар оролцов.

Намрын нарлаг энэ өдрүүдэд тосонтон шаргалтах Заамарын хөндийд явагдсан уг уралдаанд насаараа ахан дүүс байх өрмийнхөн маань ийнхүү хуран цугларч, арга ухаанаараа уралдаж, амжилт бүтээлийн туршлагаа солилцож, шилдэг тэргүүний техник технологийн талаархи мэдээллээ харилцан солилцов. Уралдааны үеэр цохилтот өрөмдлөгийн технологи-менежментийн асуудлаар профессор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжав, алтны шороон ордын цохилтот өрөмдлөгийн нэвтрэлт, дээжлэлтийн асуудлаар Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Зөвлөх инженер Л.Лхагвасүрэн нар сургалт явуулав. Уг уралдаан Монгол эх оронд 1960 оноос хайгуулын цохилтот өрөмдлөг хэрэглэж эхэлсний 55 жилийн ойн онд болсноороо бас онцлог бөгөөд цохилтот өрөмдлөгийн алдарт мастерууд болох Буянтын Жамц агсан болон бусад ахмадуудыг дурсаж, Дарханы алтны экспедицийн дарга байсан, Монгол улсын төрийн соёрхолт, Зөвлөх инженер С.Цэрэн-очир, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, өрмийн Зөвлөх инженер Л.Лхагвасүрэн, цохилтот өрмийн ахлах мастер, Монгол улсын төрийн соёрхолт Т.Баяраа нарыг алдаршуулан дурсаж, арга туршлагыг нь танилцуулав. Уг уралдаанд оролцогчид, уралдааныг зохион байгуулагчид, дэмжигчид бүх хүмүүст гүн талархал илэрхийлж, ирэх жил энэ оны түрүү магнай болох “Метал эрэл-хайгуул” ХХК дээр энэ уралдаан зохиогдохыг сонордуулж байна.


Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо
Тосон Заамар, 2015 оны 10-р сарын 3.