Хятадын зах зээлд, тэр дундаа Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Өвөрмонголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурсан болохыг China Coal Resource байгууллага мэдээллээ. Өнгөрсөн сард коксжих нүүрсний үнэ Өвөрмонголд тонн тутам нь дунджаар 250 юань буюу ойролцоогоор 39 ам.доллар байсан нь өмнөх сарынхаас 15 юань, жилийн өмнөхөөс 50 юаниар доогуур үнэ ажээ.
Харин Монгол улсаас Хятад руу нүүрс импортолдог хоёр гол сувгийн нэг болох Сэхээ боомт дээр өнгөрсөн сард коксжих нүүрсний дундаж үнэ 260 юань/тонн буюу 40.9 ам.доллар байсан нь өмнөх сарынхтай нь харьцуулахад өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 45 юаниар буурсан дүн болж байна. Хоёр дахь гол суваг Гашуунсухайт боомт дээр 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 450 юань байсан бөгөөд ханш өмнөх сарынхаас 5 юаниар, өмнөх оны мөн үеийнхээс 38 юаниар буурчээ.
Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 8 дугаар сард 4.15 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн 7 дугаар сард нийт импорт 6.66 сая тонн байсантай харьцуулахад бараг 38%-иар танагдсан үзүүлэлт болж байна. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8.1%-иар дээшилсэн дүн болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тус улсын хувьд эхний 8 сарын байдлаар нийтдээ 32.44 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19%-иар багасчээ. Хүйтний улирал болж буйтай холбоотойгоор Хятадын гангийн үйлдвэрүүд түүхий эдийн татан авалтаа эхэлж, эрэлт өснө гэсэн таамаглал хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж байна. Гэвч үнэ өснө гэсэн төсөөлөл харин алга гэхэд болно.
Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлийн байдлаар коксжих нүүрсний үнэ Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол гол нутгуудад 570 гаруй юань/тонн буюу 90 орчим ам.долларын үнэтэй байсан бол Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 80 ам.доллар, CFR үнэ нь 87 ам.доллар байв. Эдгээр нь өмнөх саруудынхаасаа мөн л буурсан дүн болж байна.
Б.Төгс