Оросын Амар мужид барьж байгуулах Орос, Хятадын хамтарсан Ерковецкийн ДЦС-ын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна. Уг ТЭЗҮ-ээр эрчим хүч нийлүүлэлтийн НӨАТ-ыг тэглэсэн тохиолдолд төсөл хэрэгжих боломжтой гэж дүгнэсэн талаар Оросын “Интер РАО” компанийн стратеги, хөрөнгө оруулалтын газрын дарга Ильнар Мирсияпов мэдэгджээ.
Дэлхийд хамгийн том хүчин чадалтай буюу жилд 8 ГВт эрчим хүч үйлдвэрлэх ДЦС-ыг Орос, Хятадын хилийн ойролцоо байгуулах гэж байгаа билээ. Тодруулбал, энэхүү төслийг Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний төрийн корпораци хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Оросын Амар муж дахь Ерковецкийн хүрэн нүүрсний орд газарт түшиглэн хэрэгжүүлэх уг төслийн анхны өртөг 15 тэрбум ам.доллараас өсч, өнөөдрийн байдлаар 20-25 тэрбум ам.долларт хүрээд буй. Төсөл нь Хятадад эрчим хүч экспортлоход чиглэсэн бөгөөд жилд 30-50 тэрбум КВт/цаг нийлүүлэх тооцоотой юм.
Э.Од