Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл

“Таны банкны картанд тохирох төхөөрөмж байхгүй, дэлгүүрт ороод гэрлийн бүрхүүлд чинь таарах чийдэнгийн шил олдохгүй байна гээд дэлхийг төсөөлөөд үз дээ. Цахилгаан холбооны, улс орны, мөнгөн дэвсгэртийн, интернет хандалтын кодгүйгээр дэлхийг төсөөлөх аргагүй. Хэрвээ стандарт байгаагүй бол хүмүүс, техник хэрэгсэл, эд анги, түүнчлэн бүтээгдэхүүний хоорондын харилцан уялдаа маш түвэгтэй байх байсан.

Бид ямар хэлээр ярьж, уншдагаас үл хамааран график тэмдэгтүүд бидэнд хувцасны угаалга, арчилгааны заавар, ослын үед нүүлгэх шилжүүлэх тэмдэг, цахилгаан төхөөрөмжийн заавар зэрэг чухал мэдээллийг хурдан бөгөөд тодорхой харуулдаг. Хэрвээ хүн бүр нэг мэдээллийг өөр өөр тэмдэгтээр илэрхийлвэл зорилгодоо хүрэхгүй байх байсан.

Хэмжлийн стандартчилагдсан нэгжгүйгээр та гадаадын ханган нийлүүлэгчдэдээ бүтээгдэхүүн, эд анги захиалахад ямар түвэгтэй болохыг төсөөлөөд үз дээ.   

Стандарт нь зөвхөн худалдаанд хэрэгтэйгээр зогсохгүй, дэлхий дахины хүмүүсийн хамтын ажиллагааг хялбар болгодог. Олон улсын стандарт нь технологийн “Rosetta stone” хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх бүтээл юм. Стандарт нь бүтээгдэхүүнүүд хялбархан нийцэж ажиллах, хүмүүс түвэггүй харилцах үндсэн хэрэгсэл болж байна. Бидний эргэн тойронд стандарттай үед бүх зүйл хэвийн, харин стандартгүй бол тэр даруй мэдрэгддэг. Стандартгүй дэлхийд дуудлага хийх, интернет хэсэх, тойрон аялж банкны картаа ашиглах зэрэг бидний зуршил болсон өдөр тутмын үйл ажиллагаа илүү бэрхшээлтэй, бараг боломжгүй байх байсан”   

Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын ерөнхийлөгч, доктор Жунжи Номура, Олон улсын стандарчиллын байгууллага (ISO)-ын ерөнхийлөгч Жан Шиаон, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хоулин Жао нарын “Стандарт- дэлхий дахины нийтлэг хэл” илгээлтэд ийн өгүүлжээ.

Арвантаван онд Дэлхийн стандартын өдрийг “Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл” уриан дор тэмдэглэж буй аж. Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдрийг дэлхий даяар “Дэлхийн стандартын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн стандартын өдөр болон Монгол улсын стандарт хэмжил зүйн ажилтны өдрийг угтан “Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл” нэртэй семинарыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн нэгжтэй хамтран “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулав.

Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэл”, Хууль зүйн яамны Нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ганбаатар “Эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь”, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн захирал А.Хурцбилэг “Замын тэмдэг, тэмдэглэгээ-Олон улсын нийтлэг хэл болох нь”, Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх”төслийн багийн ахлагч Хенк Де Пау “Стандартчилалд сонирхогч талуудын оролцоо, зөвшилцөл”, Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн зөвлөх Мариа Борес “Европын Холбооны стандартчиллын болон тохирлын үнэлгээний тогтолцоо”, Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал стандартад” Шадар Сайдын зөвлөх, Хэрэглэгчийн менежментийн академийн ерөнхийлөгч, Удирдахуйн ухааны докторант Д.Тогтохбаяр “Хэрэглэгчийн эрхийн хамгаалал ба стандарт”, ШУТИС-ийн Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр “Бизнест инноваци, стандартын үүрэг нөлөө”, Уул уурхайн ассоциаци, Олон улсын аудитор Л.Тунгалаг “Удирдлагын тогтолцооны стандартуудын шинэ хувилбар”, ШУТИС-ийн МХТС-ийн холбооны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Монгол Улсын тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээний өнөөгийн байдал, стандартын хэрэгжилт”, СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын дарга З.Отгонбаяр “Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын 2016-2020 оны стратеги”, СХЗГ-ын Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Г.Батцэнгэл “Олон улсын цахилгаан техникийн хороо (IEC) дахь Монгол Улсын стандартчиллын байгууллагын оролцоо” гэсэн сэдвээр илтгэв.

 

  • Зочин (202.131.225.122)
    Семинарын гол агуулга ач холбогдлыг үнэхээр сайн гаргасан мэдээ байна
    2015 оны 10 сарын 09 | Хариулах